Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутгийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн  үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Орхон, Булган аймагт ажиллаад ирлээ.

Тус эмнэлгийн зүрх судас, мэдрэл, хоол боловсруулах замын эмгэг, ходоодны дуран, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмч нараас бүрдсэн баг энэ сарын 11-20-нд Орхон, Булган аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвд ажиллаж иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийсэн байна.

Тэд Орхон аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлсэн 180 хүнд эрт илрүүлгийн үзлэг, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, мэдрэл, зүрхний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийсэн бол Булган аймагт 190 гаруй хүнд мэдрэл, зүрхний нарийн мэргэшлийн эмчийн үзлэг , ходоодны уян дурангийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгчээ.

Энэ үеэр эрт илрүүлэг, төрөлжсөн мэргэшлийн үзлэг оношилгоо хийхээс гадна яаралтай тусламжийн тасагт ирсэн онош тодорхойгүй хүнд үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээний асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан зөвлөгөөн зохион байгуулсан.

УГТЭ-ийн эмч нарын баг дараагийн ээлжид Ховд аймагт ажиллахаар төлөвлөсөн байна.

Таны сурталчилгаа