Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймагт "Стрептококкийн халдвараас сэргийлэх эрт илрүүлэх, үзлэг оношлогоо”-г энэ сарын 30-нд эхлүүлж, эхний ээлжинд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 11 мянга орчим хүүхдийг үзлэгт хамруулахаар ажиллаж байна.

Хоёр өдөр үргэлжлэх үзлэгийг 17 сум, зургаан тосгонд зохион байгуулж буй бөгөөд эхний өдөр нийт хүүхдийн 51,7 хувь нь хамрагдсан байна.

Стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин хүндэрсэн тохиолдолд ангина буюу хэрэх өвчин, үе мөч, зүрх, тархины өвчлөл, олдмол гажиг бий болгодог тул аль болох эрт үед нь оношилж эмчлэхийг эмч нар зөвлөдөг.

Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан нь ЭМЯ-тай хамтарч манай улсад “Амны хөндийн эрүүл ахуй, стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх” хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Уг үйл ажиллагааны хүрээнд есдүгээр сард орон нутгаас Сэлэнгэ аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 17 сум, зургаан тосгоны ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон багц сургалт явуулж, бэлтгэл ажлаа хангасан юм.

Үзлэгийн үеэр ажлын хэсгүүд таван бүсэд хуваагдаж, сум, тосгодын Засаг даргын тамгын газар, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдийг арга зүйгээр хангаж ажилласан байна. Тэд дараагийн ээлжээр 6-12 дугаар ангийн 10 мянга гаруй хүүхдийг ирэх онд үзлэг, оношлогоонд хамруулахаар төлөвлөжээ.

Мөн шинжилгээ эерэг болон эргэлзээтэй гарсан үед эмчилгээний дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй эхлүүлэх учраас хүүхдээ үзлэг, оношлогоонд идэвхтэй хамруулахыг  эцэг эхчүүдэд зөвлөлөө.  

Таны сурталчилгаа