Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 11 дэх жилдээ зохион байгуулж байна.

Их, дээд сургуулийн оюутнуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн талаар 2023 онд хийгдсэн судалгаагаар тэдэнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг хангалтгүй байгаа нь сургуулийн удирдлага, багш, эмч, оюутнуудын идэвх санаачилга, харилцаа хандлагаас гадна сургалтын агуулгад уг асуудал тусгагдаагүй нь ихээхэн нөлөөлсөн байна.

Оюутнууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар мэдээ, мэдээллийг найз нөхөд болон цахим хуудас зэрэг баталгаагүй эх сурвалжаас авч, батлагдаж туршигдаагүй эмчилгээ хийх, эм, тариа хэрэглэх эрсдэлтэй алхам хийх явдал гарсаар байгаа юм.

2022 оны статистик үзүүлэлтээс улсын хэмжээнд нийт үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 4.8% нь 20-иос доош, 64% нь 20-34 насны эмэгтэйчүүд байна. Бэлгийн замаар дамжих халдварын 10,916 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 15-24 насныхны дунд тэмбүү 2211 (34%), заг хүйтэн 2082 (40%), трихомониаз 1509 (33%), ХДХВ/ДОХ 8 (32%), хламид 68 (44%), херпес 43 (7%), нянгийн гаралтай үтрээний үрэвсэл 1933 (27%), мөөгөнцөр 876 (23%), бэлгийн үү 208 (55%) тохиолдол тус тус байна.

Энэ оны эрт илрүүлгийн үзлэгт 1,125,744 хүн хамрагдсанаас 18-30 насныхны хамрагдалт 16.6%-тай байна. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд суралцаж байгаа оюутан, залуусын эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн хамрагдалт 8,7% байгаа нь хангалтгүй байгаа юм.

Энэхүү аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс аравдугаар сард 21 аймгийн эрүүл мэндийн газар, ӨСЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн 120 гаруй мэргэжилтнүүдийг чадавхжуулж, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх цахим сургалт зохион байгуулсан.

Мөн МУБИС-ийн 1, 2, 4-р дотуур байр, Оюутны өргөө цогцолбор-1, 2-р байр, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн салбарын сургуулийн хичээлийн байр болон Барилгын политехникийн коллежийн дотуур байруудад нийт найман удаагийн сургалтыг 750 гаруй оюутанд танхимаар зохион байгууллаа.

Сургалтаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний ач холбогдол, гэр бүл төлөвлөлт, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолт, бүх төрлийн тамхины хор уршиг, осол гэмтлийн үед яаралтай авах арга хэмжээ, жендерийн хэвшмэл ойлголт  зэрэг сэдвээр онол, дадлага хослуулан цогц мэдлэг олгосон. Түүнчлэн уг аяны үеэр  “Бэлгэвч” компанит ажлыг хэрэгжүүлж, оюутнуудад бэлгэвчний ач холбогдол, зөв хэрэглээг таниулахаас гадна 1200 ширхэг бэлгэвчийг чийгшүүлэгчийн хамтаар үнэгүй тараалаа.

Цаашид оюутнуудын Эрүүл мэндийн даатгалын төлөлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах, их дээд сургуулиудын дотуур байрны оюутан сурагчдын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх,  сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг орон даяар энэ оны арванхоёрдугаар сарын нэгэн хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  

Таны сурталчилгаа