Цаг үеийн мэдээ

Энэ сарын 25-нд орон даяар Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын цолгүй, зөвхөн насанд хүрсэн сонирхогчид оролцох эрхтэй. Түүнчлэн уг тэмцээн гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм. 

Энэхүү тэмцээнд жил бүр 6000 гаруй шатар сонирхогч оролцдог бөгөөд анхан шатны тэмцээн арваннэгдүгээр сарын 25-26-ны хооронд улс орон даяар болж, Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Харин аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 16-17-нд болно. Аймгийн тэмцээнээс эрэгтэй хоёр, эмэгтэй нэг, шатарчин, нийслэлийн тэмцээнээс шалгарсан эрэгтэй 12, эмэгтэй зургаан шатарчин шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.  

Шигшээ тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 6-7-нд Төрийн ордонд болж, шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 дахь удаагийн аваргыг тодруулна. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм.

Тэмцээний энэ шатнаас медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн Шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч, тодорхой зардлыг нь зохион байгуулагч хариуцна.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рэйтинг бодогддог байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа