Чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр мөргөж нас барсан харамсалтай осол бүртгэгдсэн байна. Тодруулбал,
Цагдаагийн байгууллагад 2024.12.21-ний өдөр 14:18 цагт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Хаадын замаар ороод цанаар гулгадаг хэсэг дээр ээж хүү хоёр чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр тор мөргөж ээж нь нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Баянголын ам Хаадын хаалгаар орж зүүн талд байх уулын орой хэсгээс эх охин хоёр чаргаар гулгаж байгаад уулын энгэр хэсэгт татсан үргэлжилсэн төмөр сараалжин хашааг мөргөж, улмаар ээж Б нас барж, охины биед гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Он гарсаар Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 130 хүн чарганаас унасан шалтгаанаар тусламж үйлчилгээ авчээ.