Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Вакцин" клубийнхэн “Эй Ай Меди Монголиа” ХХК-тай хамтран “Умайн хүзүүний хавдрын оношилгоонд “CERVICARE AI” хиймэл оюун ухаанд суурилсан системийг ашиглах нь” уулзалт, сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Дэлхий нийтээр жил бүрийн нэгдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх сар"-ын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулав. Тодруулбал, улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, өнөөгийн нөхцөл, байдал, илрүүлэг ямар түвшинд байгааг, мөн уг өвчний эрт үеийн оношилгоонд хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилт технологи ашиглаж буй олон улсын туршлага болон манайд авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар эрүүл мэндийн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ЖИЛД 350-400 ЭМЭГТЭЙ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААР ОНОШЛОГДДОГ
Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвлөл эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдрын хоёрдугаарт буюу 11.9 хувийг эзэлж байна. 100 000 эмэгтэй тутамд умайн хүзүүний өмөн 19.1 тохиолдож, жилд дунджаар 350-400 эмэгтэй уг өвчинд өртдөг аж. Эдүгээ умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ, хяналтад 4303 хүн байна. Энэ нь нийт хавдрын 22 хувийг эзэлж буй үзүүлэлт гэнэ. Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулж, дөрвөн хувьд хүргэх зорилт тавьсан ч одоогоор буурсан үзүүлэлт алга. Ихэнх тохиолдол нь хожуу шатандаа оношлогдож буйгаас тухайн жилд илэрсэн хоёр хүн тутмын нэг нь нас бардаг гэсэн харамсалтай статистик бий.
ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ЭСИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Манай улс 30-60 насны эмэгтэйчүүдийг 3 жил тутамд умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээнд хамруулдаг. Гэвч нас заадаг, эмэгтэйчүүдийн лаа хэрэглээгүй байх, бэлгийн харьцаанд ороогүй байх, мөн сарын тэмдэг ирээгүй үед, жирэмсэн бол эрсдэлтэй гээд олон заалтаар эсийн шинжилгээнд хамрагдах боломж тэр бүр олгодоггүй. Дээрээс нь хариу нь хэдэн сарын дараа удаж гарах, Өрхийн эмнэлгүүдээс шинжилгээний сорьцыг дүүргийн Эрүүл мэндийн төв хүртэл зөөвөрлөхөд өчнөөн хоног саатдаг, эс судлаач эмч дутагдалтай, хариу өгөхгүй бол "Зүгээр" гэсэн үг... гэх мэтээр тогтолцооны цөөнгүй гажуудал бий. Мөн энэхүү эрт илрүүлгийн эсийн шинжилгээний мэдрэг чанар нь 30 хувьд хүрэхтэй, үгүйтэй байдаг.
Улсын хэмжээний хамрагдалт 40 хувиас хэтэрдэггүй зэрэг шалтгаанаар манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар бүсийн орнууд, дэлхийд эхний байранд жагссан хэвээр буй нь харамсалтай. Тиймээс AI технологийг манайх олон улсын жишгээр эрт илрүүлэгт нэн дариу нэвтрүүлэх шаардлага үүсээд буйг дээрх уулзалт, сургалтын үеэр хөндсөн юм.
ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР ХОРТ ХАВДРЫГ НЭГ МИНУТАД ОНОШИЛЖ БОЛОХ НЬ
“Эй Ай Меди Монголиа” компани нь хиймэл оюун ухаанд суурилсан орчин үеийн оношилгооны төхөөрөмж болох “CerviCARE AI”-ийг Монголдоо нэвтрүүлээд буй. Тус аппарат нь умайн хүзүүний хорт хавдрыг хамгийн бага зардлаар, богино хугацаанд, эрт үед нь илрүүлэх зориулалттай технологи аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Тодням “Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. Тиймээс бид уг өвчний эрт илрүүлгийн тогтолцоог өөрчлөхөд хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийг нэвтрүүлсэн. “CerviCARE AI” төхөөрөмж нь 5 секундэд умайн хүзүүны хорт хавдрыг 98 хувийн магадлалтайгаар оношлох боломжтой бөгөөд шинжилгээний хариуг ердөө 1 минутын дотор гаргаж өгдгөөрөө давуу талтай. Тус төхөөрөмжөөр хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүдэд дараалал, чирэгдэлгүй үзлэг, оношлогоо хийх боломжийг цаашид нэмэгдүүлнэ.
Одоогоор Өмнөговь, Өвөрхангай, Булган, Орхон аймагт “CerviCARE AI” төхөрөрөмжийг эрт илрүүлэгт амжилттай нэвтрүүлээд байна. Эл төхөөрөмж нь нарийн мэргэжлийн эмч болон өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж шаардахгүй учраас умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг улсын хэмжээнд тус аппаратаар хийх бүрэн боломжтой. Мөн хувийн хэвшлийн 10 гаруй эмнэлэг энэ төхөөрөмжөөр шинжилгээ, оношилгоо хийж байгаа” гэсэн юм.
БНСУ, АНУ-ын FDA-иэр хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү “CerviCARE AI” аппаратыг үйлдвэрлэгч NTL нь 27 жилийн туршид хийгдсэн өөрсдийн үзлэг, оношилгооны 6 САЯ датанд тулгуурлан зохион бүтээжээ. Умайн хүзүүний хавдрыг урьдал шатнаас нь эхлээд, эрсдэлийн өндөр зэргийг үзэж, оношлох хүртэл ердөө 1-ХЭН МИНУТ зарцуулдаг юм байна.
Үйлчлүүлэгчийн биед ямар нэгэн багаж, хэрэгсэл хүргэхгүйгээр 15-20 см-ийн зайнаас зургийг нь аваад хариуг тэр дор нь хэвлэдэг аж. Эдүгээ БНСУ-ын 2000 орчим эмнэлэгт тус аппаратыг ашиглан өдөрт 500 000+ хүнийг эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулж буй юм байна. Ташрамд, тус улсын NTL компани нь 1996 оноос эхлэн 27 жилийн турш умайн хүзүүний эрт илрүүлгийн оношилгооны төхөөрөмжүүдийг үе шаттай хөгжүүлж ирсний хамгийн сүүлийн үеийнх нь “CerviCARE AI” аж.