Цаг үеийн мэдээ

Олимпын наадамд оролцож буй баг тамирчдын нээлтийн ёслолд өмсөх хувцасны загвар дизайн, өнгө утга агуулгыг спорт сонирхогч бүхэн сонирхон хүлээдэг билээ. Энэ удаагийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг МҮОХ-ны Алтан түнш “Ханбогд” кашмер компани урласан бол хаалтын ёслол, өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан Испани улсын KELME брэндийн спортын хувцсыг “Грийн Амиго” ХХК ханган ажиллаж, баг тамирчдын хувцсыг гардуулах ёслол Олимпик Хауст боллоо.

Өнөөдрийн байдлаар “Канвон-2024” Залуучуудын өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох гүйлтийн цана болон уулын цанын тамирчид БНСУ-д бэлтгэлээ базааж байгаа бол биатлоны баг тамирчид ХБНГУ-д бэлтгэлээ ханган 1 дүгээр сарын 15-ны өдөр Канвон хотноо хүрэлцэн очих төлөвлөгөөтэй байна. Иймд баг тамирчдын бэлтгэлийн хуваарийг тасалдуулалгүй, өндөр түвшний бэлтгэлийг алдагдуулалгүй Олимпын наадамд оролцуулах үүднээс Туг гардуулах ёслолыг Канвон хотноо хийхээр шийдвэрлэжээ. 

Тиймээс Олимпын баг тамирчдыг төлөөлөн Тамирчдын комиссын гишүүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин М.Уранцэцэг, Тамирчдын комиссын гишүүн, цанын спортын ОУХМ А.Энхтуул нар тамирчдын өмсөх хувцас хэрэглэлийг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч, Б.Баттүшиг, “Ханбогд” Кашмер ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг, Сүлжих үйлдвэрийн захирал Д.Нямтунгалаг, “Грийн Амиго” ХХК-ийн брэнд менежер А.Баясгалан, үйл ажиллагааны менежер Э.Энхбаясгалан нараас хүлээн авлаа. Монголын багийн тугч уулын цанын тамирчин Мянгайбаатарын Манлайжав болон биатлонч Дэмүүлийн Нямсүрэн нар Монгол үндэсний дээлээр гангарах бол багийн бусад гишүүд үндэсний хэв маягийг шингээсэн кашмер бүтээгдэхүүнээр ижилсэнэ.  

Таны сурталчилгаа