Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхдийн аюулгүй байдал-Таны хариуцлагаас” сэдэвт аяныг 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Энэхүү аян нь хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах зорилготой. Тус аяныг нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан ирэх хоёрдугаар сарын 1-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
Монгол Улсын Засгийн Газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн нэгдүгээр сарыг “Осол гэмтэлтэй урьдчилан сэргийлэх сар” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд орчны эрүүл, аюулгүй байдлыг бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.
ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн 2023 оны байдлаар 168.475 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 0-17 насны 67.873 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11,22%-иар өссөн үзүүлэлттэй байгаа нь хүүхдийн осол гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг харуулж байна. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, та бидний оролцоо хамгаас чухал юм.