Эмийн хянан шалгах түр хорооны гишүүд өчигдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад ажилласан. Цар тахал, гамшгийн үед Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байхад зориулж, энэ агуулахыг Азийн хөгжлийн банкны 3 сая долларын тусламжаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-д хоёрхон жилийн өмнө шинээр байгуулж, ашиглалтанд оруулсан байна. Гэтэл агуулахад зөвхөн хугацаа нь дууссан, ашиглах боломжгүй болсон эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл л хураагдсан байна гэдгийг түр хорооныхон ярьж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: -Энэ агуулах дотор юу хадгалагдаж байна, хугацаа дууссан бүтээгдэхүүн байдаг уу, температур, чийгшил зэрэг тусгай тохируулгатай склад нь хэр зэрэг дүүргэлттэй байна гэдгийг харах зорилгоор ажлын хэсгийн гишүүд бид ирж, сонирхож байна. Ингээд харахад хамгийн эхний агуулах болох 4 градуст хадгалах зориулалттай агуулахын ердөө 2, 3 нь ажиллаж байна. Энэ дотор асар үнэтэй токилизумаб буюу ковидын үед моноклонал антибоди гэх хүндэрсэн хүмүүст хийж байсан үнэтэй тариа бий. Энэ Токилизумаб моноклонал антибоди оригиналь бүтээгдэхүүний хугацаа нь дуусчихсан байна. 2023 оны 9 сард дууссан. 2021 онд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн.
Энэ бүтээгдэхүүний тендерийг авсан Элдэнгүн хошуу компани дээр тухайн тариа 2023 оны 3 сар хүртэл байсан байна. Ингээд төв агуулахад ирсэн. Одоо 2024 он гарчихсан. Үнэхээр харамсалтай юм.
165 сая төгрөгийн үнэ өртөгтэй, хугацаа нь дууссан тоцилизумаб (моноклонал эсрэг бие) тарилгыг ковидын үед хүндрэлд хэрэглэхээс гадна, хэрх (ревматизм) өвчний үед тарьдаг чухал тарилга юм. Татвар төлөгчдийн хөлс, хүч шингэсэн, их хэмжээний төсвөөр авсан тарилгыг хугацаа нь дуусахаас өмнө эмнэлгүүддээ хуваарилахад юу дутсан бэ? Мөнгө биш сэтгэл, ёс зүй, менежмент дутсан байна.
Нэгдүгээрт, цар тахлын үед бараа бүтээгдэхүүн авах даа удаан хадгалагдаж болох бүтээгдэхүүн авч болоогүй юм уу, гэдэг асуулт гарч ирж байна.
Хоёрдугаарт, энэ тариаг устгалд оруулах ёстой. Ашиглаж болохгүй биологийн идэвхтэй бүтээгдэхүүн тул ноцтой аюултай.
Иймд УИХ-ын гишүүд бид өөрсдөө харж байгаад устгалд нь оролцмоор санагдаж байна. Бид Монгол Улсын мөнгөнд үрэлгэн байж болохгүй. Аливаа зүйл тооцоотой, судалгаатай, хэмжээ тооцоогоо зөв гаргадаг байхгүй бол зүгээр л хэдэн улсуудын тоогоор худалдан авсан байж магадгүй гэдэг сэрдэлт төрж байна. Тиймээс энд хянан шалгаж шинжээч нар ажиллана.
Зовох цагт хэрэглэх эмийн агуулах уу?, зүгээр л хугацаа нь дууссан эмийн “хогийн цэг” үү?
Daagi
2024-02-20
Сайн байна