Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "С.Зоригийн хөшөөг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихыг санаархаж байна" хэмээн мэдээлсэн.

Тухайн асуудлаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр: 

"Сонгууль дөхөөд үү, аль эсвэл хаваршаад уу оргүй золбин үгс тэнүүчлэх болов. Үүний нэг нь "Ардчилсан нам С.Зориг агсны хөшөөг зайлуулж, барилга барих гэнэ. Бид хамгаална" ч гэх шиг. Ийм гүжир үгст хариу өгөх нь мунхаг хэрэг хэдий ч худлыг мянга давтвал үнэн болчихдог учраас ганц хоёр тайлбар өгөх нь зөв болов уу. 

С.Зориг агсны хөшөө Нийслэлийн хийгээд "Зориг сан"-гийн эзэмшилд байдаг. Хөшөө байрлаж буй газар нь нийтийн эзэмшлийн талбай. Хүссэн хэн ч Нийслэлийн газрын албанаас асуугаад мэдчихэж болно. Хоёрт гэвэл Ардчилсан нам одоо өөрийн гэсэн байргүй бөгөөд тэр жижиг байшинд түрээс төлж хэдэн жил болсныг дээр дооргүй, хүний өөрийнхгүй бүгд л мэдэж байгаа. Ардчилсан нам олон намын нэгдлээс бүрдсэн бөгөөд тэр байшинг Шинэ дэвшилт холбоонд улсаас өгсөн юм билээ. Бид бол түрээслэгч.

Ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн доройтол зэрэг тулгамдсан асуудлаас иргэдийн анхаарлыг холдуулж, ардчиллынхны, ард түмний хайрт хүүгийн ариун нэрээр бохир улс төр хийхээ зогсоо!  

Ард түмний татварын мөнгөөр боссон МАН-ын  цагаан бунхан, сөрөг хүчин түрээсээр оршин сууж буй жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй. 

Хэн нь хэн гэдгийг ард түмэн харж байгааг санагтун!" гэв. 

Таны сурталчилгаа