Бүрэн тоноглогдсон эрт илрүүлэг, оношилгооны баг Орхон аймагт Эрүүл мэндийн яамнаас гаргасан хуваарийн дагуу ажиллаж байна.
Бүрэн тоноглогдсон нүүдлийн амбулаторийн үзлэгийн баг орон нутагт ажиллахдаа дотор, зүрх судас, эмэгтэйчүүд, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн үзлэг мөн ходоод, улаан хоолойн дуран болон цээжний рентген оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, лабораторийн лавлагаа шинжилгээнүүдийг авч үйлчилж байна.
"Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулах үндэсний аян"-ыг 2022 оны 05 дугаар сараас улсын хэмжээнд эхлүүлсэн ч хөдөө орон нутгийн иргэд үзлэг шинжилгээнд хамрагдах нь бага байгаа тул ЭМЯ-наас эрт илрүүлгийг эрчимжүүлэх, малчид, алслагдсан баг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээ авч, энэ оны 03 дугаар сараас эхэлж нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо бүхий нүүдлийн амбулаторийг орон нутагт ажиллуулж байна.
Үзлэгийн эхний ээлж 03 дугаар сард бусад чиглэлд хуваарийн дагуу ажилласан бол хоёр дахь ээлжийн баг Дархан-Уул, Сэлэнгэ, Эрдэнэт, Булган, Хөвсгөл чиглэлд алслагдсан сум сууринд томилогдож, тус багийг УХТЭ-ийн ЯТТ-ын их эмч Б.Лувсандамба ахалж, 04 дүгээр сарын 15-ны өдөр манай аймгийн Жаргалант суманд ажиллаж байна. Орхон аймагт 2024 оны 04 сарын 15-ны өдрөөс 04 сарын 20-ны өдөр хүртэл ажиллах юм.
Эх сурвалж: Орхон аймгийн Эрүүл мэндийн газар