Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
Монголын үндэсний бөхийн холбоо Төрийн бус байгууллага нь 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ний өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоо-Монгол Бөхийн Өргөө гэсэн Фейсбүүк хаягаас дараах “Мэдэгдэл” гэсэн гарчигтайгаар мэдээлэл (Ц.Өсөхбаяр, Б.Мөнхбаяр нарын зураг бүхий мэдээллийг хавсарган) түгээж нь Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасанд эрс эсэргүүцэж энэ МЭДЭГДЛИЙГ гаргаж байна.
Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас аливаа этгээдэд спортын шударга өрсөлдөөний талаарх итгэл үнэмшлийг бууруулах, урам зоригийг мохоох шийдвэр болон бөхчүүдийн допинг хэрэглэснийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Тухайлбал: Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын допингийн Давж заалдах комиссын 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ний өдрийн 23/120 шийдвэрээр Монголын үндэсний бөхийн холбоо ТББ-аас Улсын харцага Б.Мөнхбаяр, аймгийн арслан Ц.Өсөхбаяр нарт допингийн шийтгэлийг оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг зөрчсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн юм. (Хэвлэлийн 2024 оны хоёрдугаар сарын 6-нд гаргасан мэдээг хавсаргав)
Монголын үндэсний бөхийн холбоо ТББ-аас Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын допингийн Давж заалдах комиссын 23/120 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хүчингүй болгуулахаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хэлэлцээд 23/120 шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн.
Монголын үндэсний бөхийн холбоо ТББ шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар явагдаж байна.
Хамгийн ноцтой нь Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хараат бус, бие даан, аливаа этгээдийн нөлөөнд автахгүйгээр явуулах хуультай, дүрэмтэй, үүрэгтэй. Гэтэл Монголын үндэсний бөхийн холбоо ТББ нь хэрэг хянан шийдвэрлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд улаан цайм, ил тодоор шууд нөлөөлсөн, заналхийлсэн хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Эцэст нь шүүхийн шийдвэрийг иргэн ч бай, байгууллага ч бай заавал биелүүлэх хуультай бөгөөд биелүүлэхийн оронд эсэргүүцэн, шүүхийн шийдвэрийг өөрөөр тайлбарлаж бөх, бөх сонирхогч болон олон нийтийн төөрөгдүүлж байгаа үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг шаардахын зэрэгцээ үндэсний бөхтэй холбоотой хэргүүдийг нээлттэй болгох зөвшөөрлөө өгвөл бид олон нийтэд мэдээлэхэд бэлэн байгааг дахин мэдэгдэж байна.