Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ОУХБХ-ны “FIFA FOOTBALL FOR SCHOOLS” хөтөлбөрийн хүрээнд манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй өсвөрийн хөлбөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр /2024.06.10/ Яармаг дахь МХБХ-ны талбайд боллоо. Арга хэмжээнд БТСУХ-ны дарга О.Баттулга, МХБХ-ны ерөнхийлөгч М.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, гавьяат дасгалжуулагч Б.Доржпалам нарын эрхэм зочид оролцож, тэмцээнд оролцогч хүүхэд багачуудад амжилт хүслээ.
Тавдугаар шатны тэмцээн зургаадугаар сарын 10-20-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд охид, хөвгүүдийн U12, U14, U16 гэсэн гурван насны ангилалд өрсөлдөөн өрнөж байна. Дэлхийн сая сая хүнийг өөртөө дурлуулсан хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр бодит ажил болж буй нь энэ.
Монгол Улсад олон улсын жишгийн дагуу нийтийн хөлбөмбөгийг өргөн цар хүрээнд хөгжүүлэх зорилготой уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, ивээлдээ авсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Энэ төслийг дөрвөн жил дараалан хэрэгжүүлэх юм. Өнгөрсөн оны есдүгээр сараас анхан шатны тэмцээнийг зохион байгуулахад 30 мянган хүүхэд багачууд ур чадвараа сорин өрсөлдөж байсан бол өдгөө сүүлийн шатанд 61 багийн 900 орчим тамирчин өрсөлдөж байгаагаас хэр өргөн цар хүрээтэй тэмцээн болохыг дүгнэж болох. Тус тэмцээнээс шигшээ баг бүрдүүлж, удахгүй болох Олон улсын хүүхдийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг нээн илрүүлэх ач холбогдолтой юм.