Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Монгол Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөн олгохоор болжээ. Учир нь тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрч, Арбитрын шүүхэд хандсан ч дахин ялагдсан юм. Ингээд ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын арслан М.Бадарчид 2023 оны наадам буюу Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойгоор унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөн олгох шийдвэрийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргажээ. Түүнд

Нэгийн даваанд залуу бөх О.Отгонбаяр 

Хоёрын даваанд аймгийн начин Д.Нарангарав 

Гурвын даваанд Хэнтий аймгийн арслан Ш.Отгонтөгс 

Дөрвийн даваанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул аймгийн арслан Я.Бумбаяр өвдөг шороодсон. 

Аймгийн арслан Я.Бумбаяр бөх сонирхогчдын дунд сайн барилдах залуу бөхчүүдийн тоонд орж байв. Улсын аварга Ч.Санжаадамбыг хаяж явсан бөх. Тэрээр дөрөв давсан бөхийн бай шагнал хүртэнэ. 

Тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул аймгийн хурц арслан Б.Баянмөнх улсын начин цол хүртэнэ.  

Зургаагийн даваанд өвдөг шороодсон Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул улсын өсөх идэр начин Э.Даш улсын харцага цол хүртэнэ. 

Долоогийн даваанд өвдөг шороодсон Архангай аймгийн Хашаат сумын уугуул аймгийн арслангаас улсын харцага болсон С.Сүхбат заан цол хүртэнэ.

Наймын даваанд өвдөг шороодсон Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай "Үлэмж бадрах" чимэг нэмнэ.  

Есийн даваанд өвдөг шороодсон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцагаас Улсын гарди болсон Ц.Бямба-Отгон улсын арслан цол хүртэх юм. 

Улсын арслан М.Бадарч уржигдар буюу зургаадугаар сарын 12-ны өдөр “Ямар нэгэн шийдвэр гаргаж, цол битгий хураагаарай. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дараа шийдвэрээ гаргаж өгнө үү” гэх утгатай хүсэлтийг гаргажээ. Гэвч энэхүү шийдвэр хэрэгжихээр болсон байна. Угтаа бол тэрбээр шийдвэртэйгээ санал нийлэхгүй байгаа хоёр үндэслэл бий юм. Допингийн эсрэг үндэсний хороо дээжийг буруу тээвэрлэсэн. Мөн анх мэдэгдэхдээ алдаа гаргасан. М.Бадарч өөрөө шийдвэрээ гардаж авч, мэдээлэлтэй танилцаагүй байхад сэтгүүлч олон нийтийн сүлжээгээр зарласан байдаг. Энэхүү хоёр үндэслэлээр тэрбээр Олон улсын арбитрын шүүхэд ялах магадлалтай хэмээн үзэж байгаа ажээ. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа