ӨМӨЗО-ны олон улсын бөхийн холбооноос зохион байгуулдаг “Барга цом”-ын аварга шалгаруулах олон улсын VI тэмцээн энэ сарын 19-ний өдөр Хөлөнбуйр хотод эхэлсэн. Тус тэмцээнд оролцож буй манай тамирчид эхний 2 өдрийн дараах байдлаар 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.
Олимпын 6 жингээр зохион байгуулагдаж буй тус тэмцээн 3 өдрийн форматаар буюу өдөрт эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 нийт 4 жингийн барилдаанууд явагдаж байгаа юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 65, 125 кг, эмэгтэйчүүдийн 53, 57 кг-ын барилдаанууд болж манай баг тамирчид 4 медаль хүртжээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг-д нийт 21 тамирчин оролцоход “Цаст тайга” клубийн тамирчин Н.Ганбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн 53кг-д 14 тамирчин оролцоход “Төгс” дэвжээний тамирчин Н.Түмэндэмбэрэл мөнгөн медаль, 57 кг-д 16 тамирчин барилдахад Хилийн цэргийн 0208 тусгай салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа хүрэл медаль, “Хангай хайрхан уул” клубийн тамирчин Б.Энхтүвшин хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 74кг, эмэгтэйчүүдийн 62, 76 кг-ын шилдгүүд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д 10 тамирчин оролцоход “Төгс” дэвжээний тамирчин Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль, “Дархан-Хасу Fohow” клубийн тамирчин П.Дашцэрэн хүрэл медаль, 74 кг-д нийт 40 тамирчин барилдахад “Хилчин” спорт хороо, “Дархан-Хасу Fohow” клубийн тамирчин Э.Тэмүүлэн алтан медаль тус тус хүртлээ.
Харин эмэгтэйчүүдээс “Хилчин” спорт хорооны тамирчид болох З.Болортунгалаг мөнгөн медаль, Н.Загардулам хүрэл медалийн эзэд болжээ.
“Барга цом”-ын тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид 2 өдрийн дараах байдлаар эрэгтэй, эмэгтэй нийт 8 жингээс 9 медаль хүртээд байна.
Тэмцээн маргааш эрэгтэйчүүдийн 86, 97кг, эмэгтэйчүүдийн 50, 68кг-ын жингийн барилдаанаар хаалтаа хийнэ.
Ташрамд сонирхуулахад тус тэмцээнд БНХАУ-ын 15 муж, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Монгол улсаас нийт 200 гаруй тамирчин оролцож байна.