1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпын наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй.
Орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг. Харин 1948 оны Лондоны олимпын жилээс эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдрийг “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж иржээ.
Энэ өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр мэндчилгээндээ, өнөөдөр “Парис 2024” Зуны XXXIII Олимпын наадам алтан хөшгөө нээхэд 33 хоног үлдсэн энэ сэтгэл догдолсон мөчид Олон улсын Олимпын өдрийн 130 жилийн ойн баярыг бид хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Туурга тусгаар Монгол Улс 1962 онд ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн болж, 1964 оны Инсбрук , Токиогийн өвөл, зуны Олимпын наадамд анх удаа оролцсоноос хойш цадиг түүхт нэгэн жарныг элээжээ.
Энэ хугацаанд Монголын тамирчид спортын 16 төрлөөр өвөл, зуны 28 удаагийн Олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулан, 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль хүртэж, эх орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулсан нөр их гавьяатай билээ.
Монголын баг тамирчид Олимпод анх удаа оролцсоны 60 жилийн ойтойгоо золгож байна.
Олимпын энэ жил нь Өвлийн олимпын наадам анх зохиогдсоны 100 жил, Монголын баг тамирчид Олимпод анх удаа оролцсоны 60 жил, “Афин 2004” Олимпоос хүрэл медаль хүртсэний 20 жилийн ойтой давхцаж буйг онцлон тэмдэглэж байна.
Дэлхийн спорт сонирхогч сая сая хүний хүсэн хүлээсэн Олимпын наадамд спортын 9 төрлөөр 32 тамирчин оролцохоор эрхээ хүртэж, ард түмнийхээ итгэл найдварыг хүлээсэн Монгол Улсын баг тамирчид олимпизмын өлгий Парис хот руу итгэл төгс мордоход бэлэн жагслаа.
Спортод чин сэтгэлээсээ хайртай, өнөр дэлгэр, өргөн олон Монгол түмэндээ Олон улсын Олимпын өдрийн 130 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эх монгол оронд минь олимпизмын туг үргэлж мандан бадрахын ерөөлийг дэвшүүлье гэжээ.