Цаг үеийн мэдээ

Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороонд 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хүсэлт илгээсэн. Тус хүсэлттэй бөхийн салбар хороо танилцаж, өчигдөр/2024.07.05/ хариу хүргүүлжээ.

Хариу хүргүүлэх албан бичигт: Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын допингийн Давж заалдах комиссын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23/120 дугаар шийдвэрийн "тогтоох" хэсгийн 3-т нэхэмжлэгч аймгийн арслан Б.Өсөхбаяр, Улсын харцага Ц.Мөнхбаяр нар нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс барилдах эрхтэй болохыг дурдсан байна. Түүнчлэн Давж заалдах комиссын дээрх шийдвэрийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/Ш32024/00727 дугаар захирамжаар баталгаажуулж, 101/ΓΧ2024/00071 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй" гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ." гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т "Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ." гэж тус тус заасан.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарыг Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасны дагуу бүртгүүлнэ үү гэжээ.

Ийм Үндэсний бөхийн салбар хорооны дарга, хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарын гарын үсэг бүхий албан бичгийн хувийг Монголын Үндэсний Бөхийн Холбоонд хүргүүлжээ.

Түүнчлэн тухайн өдөр/2024.07.05/ улсын арслан Э.Оюунболдын энэ сарын 2-нд ирүүлсэн хүсэлттэй Үндэсний бөхийн салбар хороо танилцаж, хариу илгээсэн байна. 

Эл албан бичигт: Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын допингийн Давж заалдах комисс болон шүүхийн шийдвэрт зөвхөн аймгийн арслан Б.Өсөхбаяр, Улсын харцага Ц.Мөнхбаяр нарын барилдах эрхийг сэргээсэн бөгөөд таны барилдах эрхийг сэргээсэн талаар Давж заалдах комисс, эсхүл шүүхийн шийдвэр гараагүй, түүнчлэн таны хүсэлтэд дурдсанаар барилдах эрхээ сэргээлгэх хүсэлтийг нь Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын допингийн Давж заалдах комиссоос эцэслэн шийдээгүй байна.

Мөн Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоолын 2 болон 3-т Допингийн хэрэг хянан шийдвэрлэх комиссыг байгуулж, үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, энэхүү асуудлыг тусгайлан авч хэлэлцэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Иймд Та Монголын үндэсний бөхийн холбоо болон эрх бүхий комисст хандаж маргаанаа шийдвэрлүүлнэ үү гэжээ.

Тус албан хувийг мөн Монголын үндэсний бөхийн холбоонд хүргүүлжээ.

 

Таны сурталчилгаа