Цаг үеийн мэдээ

МҮБХ-ны Хараат бус зөвлөлийн гишүүн Эрдэнэбаяраас тодрууллаа.

-Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг сэргээлээ гэх мэдээлэл явлаа. МҮБХ-ны хараат бус гишүүд хуралдаад ямар асуудал хэлэлцэв?

-МҮБХ-ны хараат бус гишүүд Э.Оюунболд арслангийн өргөдөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Хэвлэл мэдээллээр яваад байгаа Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг сэргээлээ гэдэг нь худлаа мэдээлэл. Комиссын шийдвэр гараагүй байна. Тодруулах зүйлүүд байгаа учраас маргааш 17:00 цагт шийдвэрээ танилцуулна. 

-Тэгэхээр өнөөдөр Э.Оюунболд арсланг барилдуулах шийдвэр гараагүй юм байна тийм үү?

-Гараагүй. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг дахин хэлье. Бид тухайн асуудлуудтай холбоотой баримт нотолгоонуудыг үзэж харах шаардлагатай байгаа. 

-МҮБХ-ны хараат бус таван гишүүн допингийн шийтгэл оногдуулах, мөн допингийн шийтгэлийг цуцлах эрх бүхий албан тушаалтнууд мөн үү?

-2022 онд Үндэсний допингийн эсрэг дүрэм Засгийн газрын тогтоолоор батлагдсан. Үүнээс үзвэл үндэсний холбоод үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, хараат бус зөвлөл байгуулах эрхийг нээгээд өгчихсөн. Тэгэхээр МҮБХ хэлэлцэж болно гэж бид үзэж байгаа. Допингийн үндэсний зөвлөл болон спортын арбитрын комиссоос танай холбоонд ийм эрх байна. Комиссоо байгуулаад явж болно гэдэг чиглэлийг өгсөн. Хууль журамдаа ч энэ заалтууд нь ороод ирсэн. 

-Хараат бус гишүүдийн зөвлөл ямар хүмүүсээс бүрддэг юм бэ?

-Манай хараат бус зөвлөлийн гишүүд нь хуульч эмч нараас бүрдсэн баг байгаа. Хоёр гишүүн маань сая Азийн допингийн эсрэг сургалтад сууж гэрчилгээ авсан. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа