Цаг үеийн мэдээ

Энэ жилийн наадмаар хэний хүү улсын, төрийн баяр наадамд амжилт гаргаж, цолоо ахиулах бол хэмээн монголчууд сэтгэл догдлон хүлээж байна. Бид уламжлал ёсоор бөхийн галуудаар явж, бөхчүүдийн бэлтгэл хэр хангагдаж буй талаар сурвалжиллаа. Улаанбаатар хотоос 33 километрийн зайд орших Бугын сангийн аж ахуй буюу Кувейтын аманд Булган аймгийн Булган хан дэвжээнийхэн галд гарчээ. 

Бөхчүүд кроссонд гүйгээд ирэхтэй зэрэгцэн манай сурвалжлах баг очлоо. Улсын заан Д.Баасандорж биднийг угтаж ирээд ерөнхийдөө галын бөхчүүдээс улсын наадамд барилдах бөхчүүд нь үлдэж, бяраа хураасан байдалтай байгааг учирлав. Харин залуу бөхчүүд нь сум, аймгийн наадамд барилдахаар орон нутгийг зорьжээ. 

Бэлтгэлийнх нь талаар улсын заанаас сонирхоход “Бэлтгэл сургуулилт назгай биш, залхууралгүй сайхан явж байвал аль болох зөөлөн хандаж, хүүхдүүдийн урмыг хугалчихгүйг хичээдэг. Би тийм муухай ааштай хүн бас биш ээ” гэж хэлээд инээмсэглэлээ.

Д.Баасандорж зааны шавь нараас зургаан залуу начин төрөн гарсан. Шавь нар нь алдар цолонд хүрч, юу юугүй жаахан хүүхдүүд биш болсон учир аль болох тунг нь тааруулахыг хичээдэг гэлээ.

Тэрээр “Ховд аймгийн хүчит заан Батзориг надад “Миний дүү дандаа жаахан хүүхдүүд дагуулаад явдаг байсан. Одоо сайхан цолтнууд болжээ. Яахав нэг намрын тарган хонь хариулж байгаа юм шиг зөөлхөн аяыг нь олоод явдаг юм шүү дээ” гэж нэг удаа зөвлөсөн юм гэлээ.

Ийн тэрээр дэвжээний бөхчүүдээ 100 метр зайд дөрөв, дөрвөөр нь уралдуулж, шагналд нь ус, ундаа өгөхөө зарлав. Тэрээр үргэлжлүүлэн “Сумын начин, заан байлаа гэхэд аймгийн цолтой бөхийн ус цайнд нь гүйх юу ч биш шүү дээ. Тэрэндээ бахархалтай гүйх ёстой байхгүй юу. Энэ хүн намайг зарж байна гэж бодож болохгүй.

Гүйнэ явна бөх болоход эхний бүтэн жил нэгийн даваанд унана шүү дээ.

Гол нь шантарч болохгүй” гэлээ.

Булган хан дэвжээний галд 30 гаруй бөх гарчээ. Тэднээс улсын наадамд барилдах 10 гаруй бөх үлдсэн байна. Д.Баасандорж заанаас “наадмаар цолонд хүрэх бөхөд ямар шинж ажиглагддаг вэ” гэж асуухад “Шинж ч нарийн юм шүү дээ. Дөрвөн мөчний бяр бол хүнд сууж болдог. Ер нь маш чухал шинж шүү. Ууц нурууны, зооны бяр гэдэг байгалиасаа заяагдаж байж сайн бөх болно. Гарын атгалт дөрвөн мөчний бяр, хөлийг бэлтгэлээр бий болгож болдог гэж боддог” гэлээ.

Ийн Булган хан дэвжээний сорилго барилдаан болж, бөхчүүд эр бяраа үзлээ. Ер нь сорилго барилдаанд бөхчүүд үнэн хүчийг үздэг. Тийм ч учир бөх сонирхогчдын хамгийн үзэх дуртай барилдаан байдаг билээ. Улсын начин Э.Сумъяабат барилдааныг өнжиж, бөхийн оноолтыг гаргаж, хөлийн цэц хийлээ. Сорилго барилдаанд Хилчин спорт хорооны бөхчүүд ирж оролцсон юм.

Сорилго барилдаанд түрүүлсэн Аймгийн заан Д.Пүрэвдорж:

Дэвжээний наадмын сорилго барилдаан сайхан болж, түрүүллээ. Сэтгэл санаа сайхан байна. Бэлтгэл маань зургаадугаар сарын 15-наас эхлээд өнөөдрийг хүртэл сайхан явж байна. Бэлтгэл сургуулилт хийж хүүхдүүд маань өнгө зүс сайтай байна. Наадамдаа сайхан оролцох байх аа. Энэ жилийн наадмаар бүгд сайхан цолоо ахиулаасай. Цолгүй нь цол авч, цолтой нь цолоо ахиулж төрийн наадмын түрүү хүртээсэй л гэж бодож, ерөөж байна. Долоодугаар сарын 7, 8-нд Булган аймгийн баяр наадамд оролцоод дараа нь улсад үзэх эсэхээ шийднэ дээ гэсэн юм. 

Сорилго барилдаанд үзүүрлэсэн Улсын начин Д.Тамир: 

Сорилго барилдаанд сайхан барилдаж үзүүрлэсэндээ маш их баяртай байна. Би бэлтгэлдээ гараад удаагүй байна. Ер нь дажгүй байна шүү. Манай галынхны бэлтгэлийн өнгө сайхан байна. Наадмаар өнгөтэй барилдах хүн бэлтгэл сайн, сайн барилдахдаа бас байдаггүй. Бүх юм нь тэгширч байж улсын наадмаар сайн барилддаг. Ганцхан бэлтгэл сайн байгаад болдоггүй байх л гэж боддог юм. Би энэ жил ерөөсөө барилдсангүй. Одоо л наадмаараа шууд барилдах гээд. Ноднингийн наадмаас хойш жоохон бэртэлтэй байж байгаад одоо бэртэл маань сайхан болоод бэлтгэлдээ орчихсон байна гэлээ.

Улсын начин Б.Түмэндэмбэрэл:

Энэ жилийн бэлтгэл сайхан болж байна аа. Өнөөдөр Булган хаан дэвжээнийхээ наадмын сорилго барилдааныг хийлээ. Сорилго барилдаан сайхан боллоо. Бөхчүүд өнгөтэй сайхан байна. Долоодугаар сар гараад ер нь бөхчүүдийн бэлтгэл сайхан ханаад сайхан болчихсон байна. Ид ирэн дээрээ л байх шиг байна шүү дээ. Наадмаар тухайн өдрийн од хийморь нь мэддэг. Одоо бөхчүүд маань бэлтгэл сургуулилтаа хийгээд, сайхан жигдэрчихсэн байна. Тухайн өдрийн хэн одтой байгаа нь дээшээ бас цолоо ахиулах байх. Манай дэвжээнээс цолоо ахиулах боломжтой олон сайхан залуучууд бий гэв. 

Булган хан дэвжээнийхэнтэй Өвөрхангайн Их монголын хүчтэн дэвжээ болон Хилчин спорт хорооныхон ойрхон галд гарчээ. Хамтарсан бэлтгэл хийж нэгнээ чангаруулдаг гэнэ. Ер нь Бугын сангийн аж ахуйгаас арслан Ганхуяг, Бямба-Отгон, түүнчлэн Д.Сумьяабазар аварга гээд олон наадмын түрүү бөх төрөн гарчээ. Бугын сангийн аж ахуй дахь Булган хан дэвжээний бэлтгэл ийм байлаа. Ногоо эрт гарч, хүн малын зоо тэнийсэн дэлгэр сайхан зун, Монголын ард түмэн минь луу жилийнхээ баяр наадамдаа сайхан наадахыг ерөөе.

Б.АМАРТҮВШИН

Таны сурталчилгаа