Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нэгийн даваа эхэллээ. Энэ үеэр Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээс тодрууллаа.
-Сайхан наадаж байна уу?
-Сайхан. Монголынхоо нийт ард түмэнд Ардын хувьсгалын 103 жилийн ойн мэндийг хүргэе. Дэлхий дэлэгнэж, нар хур тэгширсэн зуны дэлгэр сайхан цагт дэнж хотойтол сайхан наадацгаагаарай. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байх болтугай.
-Энэ жилийн наадмын өнгө ямар байна. Бөхчүүд хэр өнгөтэй байна вэ?
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГТ, аварга О.Балжинням багштайгаа цуг хараад л, яриад л, зөвлөлдөөд л сууж байна. Бид 2 нэлээд олон бөхийг өнгөтэй байна гэж харлаа. Хуучных шиг том цолтой бөхчүүд давамгайлсан наадам болох болов уу гэж миний таамаглаж байна.
-Танай нутгийн бөхчүүд хэр бэлтгэл хангагдав. Энэ жил хэрхэн амжилт үзүүлэх бол гэж харж байна вэ?
-Сэлэнгэ аймгийн бөхчүүд улсын начин Одгэрэлийн удирдлагад бөхийн галд гарсан. Би Алдар спорт хорооныхоо бөхчүүдтэй бэлтгэлд гарсан. Нийт бөхчүүд улсын баяр наадам, аймаг, сумын цолтнууд, уяачид, харваачдадаа бүгдэд нь амжилт хүсье.
-Өнгөрсөн жил баталсан цагаар барилдах, идэвхийг харах дүрмээ хасахаар шийджээ. Та үүн дээр байр сууриа илэрхийлээч?
-Би яг сайн хэлж мэдэхгүй байна. Юу болсон гэдгийг нь сонсоогүй байгаа болохоор.
С.ОТГОН