Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан эхлэв. Дархан аварга Г.Өсөхбаяраас сэтгэгдлийг нь сонслоо.

-Баяр наадмын босгон дээр та Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндэт цолыг хүртсэн. Баяр наадмын өнгийг хэрхэн харж байна вэ?

-Монголын ард түмэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Манай бөхчүүдийн өнгө их сайхан харагдаж байна. Энэ жилийн наадам өрсөлдөөнтэй сайхан болох байх. Шинэ зүлэг ногоон дэвжээн дээр шинэ цолтнууд төрсөн сайхан наадам болох байх. Аймгийнхаа хүүхдийн наадамд анх 12 настай даа барилдаж эхэлснээс хойш 40 жил болж байна. Төрийн их баяр наадамд 32, 33 жил зодоглох шив дээ. Энэ жил үндэснийхээ баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ийм эрхэм дээд цол хүртсэндээ их баяртай байгаа. Монгол бөх, дэлхийн их спорт чөлөөт бөхийн төлөө хийсэн ажлууд, гаргасан амжилтууд, түүнээс гадна миний удирдан ажиллуулж байгаа Алдар спорт хорооны багш дасгалжуулагч, тамирчдын өндөр амжилтууд, манай Архангай нутгийн залуучууд бөхчүүд шавь нарын маань өндөр амжилтууд, энэ бүх бидний хамтын хүч хөдөлмөрийг үнэлсэн ийм сайхан шагнал цол хүртлээ. Цаашдаа ч гэсэн монгол бөхийнхөө үйл хэргийн төлөө, их спортын хөгжил дэвшлийн төлөө өөрийнхөө чадах бүхнийг хийж ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байна даа. 

-Архангайн бөхчүүд энэ жил ямар өнгөтэй байна вэ. Та хамт бэлтгэлд гарсан уу?

-Би хамт бэлтгэлд гарсан. Улсын гарди Рагчаа, Улсын начин Ганзориг нар маань бэлтгэл сургуулилтаа зохицуулаад, зохион байгуулаад хийсэн. Би хэд хоног залуучуудтайгаа бэлтгэл сургуулилт хамтран хийж зааж зөвлөсөн. Залуучууд минь энэ жил сайхан өнгөтэй байгаа. Аль ч түвшинд сайхан барилдацгаах байх гэж горьдож байна. Одоо хараад суучихна даа.

-Энэ жил танай хүү зодоглож байх шиг байна?

-Тийм. Миний хүү Токиогийн их сургуульд сурдаг. Мөн жүдо бөхийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил монголынхоо олимпын баг тамирчдын бэлтгэл хангагчаар дуудагдаж ирчхээд байгаа. Тэгээд аавтайгаа цуг хоёулаа наадамдаа гаръя гээд гарсан. Одоо барилдаж байна уу даа. Тэгээд хүүгээ хараад сууж байна. 

-Та сайхан наадаарай.

-Баярлалаа. Монголынхоо нийт ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлье. 

С.ОТГОН 

Таны сурталчилгаа