Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос “Парис-2024” наадамд барилдах тамирчдын нэрийг албан ёсоор зарлажээ.

Тэмцээнд таван тивийн 122 орны 378 жүдоч зодоглоно. Үүний 192 нь эрэгтэй, 186 нь эмэгтэй аж. Эрэгтэйчүүдийн долоон жингээс 81 кг-д хамгийн олон буюу 33 тамирчин зодоглох бол +100 кг-д 23 бөх барилдах нь хамгийн цөөн юм. Тэгвэл эмэгтэй жингээс -78 кг-д 22 жүдоч барилдах нь хамгийн цөөн бол 48 кг-д хамгийн олон буюу 31 тамирчин өрсөлдөх юм байна.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд 10 тамирчин оролцохоос гадна холимог багийн төрөлд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглоно.

Парист 10-аас дээш тооны тамирчин илгээж буй 11 орон байна. Тодруулбал, Монгол, Бразил, Япон, Солонгос, Франц, Итали, Израйл, Гүрж, Герман, Нидерланд, Узбекистаны баг 10-аас дээш тамирчинтай Парист ирнэ. Үүнээс Франц, Япон бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд тамирчнаа сойно.

Олимпын жүдо бөхийн тэмцээний сугалаа энэ сарын 26-нд гарна. Харин энэ сарын 27-ноос наймдугаар сарын 2-ныг хүртэл тэмцээн үргэлжлэх юм. Хэсгийн барилдаан Монголын цагаар 16:00 цагт, харин медалийн төлөөх барилдаан 22:00 цагаас эхэлнэ.

Парисын Олимп нээлтээ хийхэд ес, жүдогийн тэмцээн эхлэхэд 10 хоног үлдлээ. 

Таны сурталчилгаа