Цаг үеийн мэдээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4 давсан 32 бөх, 16 сурын харваач, нийт 48 тамирчны шинжилгээний сорьцын талаар өнөөдөр олон нийтэд мэдээллийг өнөөдөр олон нийтэд зарласан.

Нийт 48 шинжилгээний сорьцыг шинжлүүлэхээр ХБНГерман Улсын Дресден хотын Дэлхийн допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн лабораторид битүүмжилсэн шинжилгээний сорьцыг холбогдох байгууллагын төлөөлөл орон нутгийн цагаар 2024 оны долдугаар сарын 13-ны өдөр биечлэн хүргэж өгсөн.  

Тус лабораториос 2024 оны долдугаар сарын 15-ны орой 22:00 цагт цахим шуудангаар нийт 44 сорьцын хариуг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн бөгөөд тус байгууллагаас Үндэсний бөхийн салбар хороонд долугаар сарын 16-ны өдөр битүүмжилсэн албан бичгээр хариуг ирүүлсэн болно. Энэхүү 44 сорьцод допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна.

Харин 4 сорьц нь лабораторийн нарийвчилсан шинжилгээнд орж байгаа тул хариу ирээгүй бөгөөд энэхүү 4 сорьцоос допингийн төрлийн хориотой бодис илэрсэн, эсхүл илрээгүй гэсэн хариуг одоогоор гаргах боломжгүй юм.  

Хэрэв сорьцод допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тохиолдолд Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх багийг томилж тухайн тамирчинд Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу шинжилгээний хариуг мэдэгдэх, эрх, үүргийг танилцуулах, тайлбар авах, сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол “В” сорьцын шинжилгээг өгөх эрхтэй болох, эсхүл хариуцлага тооцох саналыг танилцуулах гэх зэрэг арга хэмжээг авах юм.

Энэ талаар Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрбээр "15 жил тасралтгүй жил бүр, Допингийн шинжилгээ өгч байсан хүний хувьд нэг юм хэлэх үү?

А сорьцоо хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо өгөх хүсэлт гаргана. Гэхдээ Б сорьцны мөнгөө өөрөө төлдөг бөгөөд (Европын улсад шинжилгээ лабораторид орсон бол 500 евро) Ази тивийн улсад орсон бол 500 доллар төлдөг. Төлөөд хүсэлтээ явуулаад цаанаа Б сорьцыг дахин шинжилгээ үр дүнг наашаа явуулна. Дүрэмдээ ийм юм. 

Тэр болтол хэн нэгнийг буруутайд тооцож ял оноодоггүй. Хугацаа их орно тэр болтол бид хэрэлдсээр л байна. За тэгээд А Б хоёр сорьц зөрдөггүй юм даа. 

Допинг гэдэг утгагүй зүйлээс салах арга их байна. 

Бөхчүүд, тамирчдын Хууль Эрх зүйн орчинг сайжруулж асуудлыг цогцоор нь шийдэх нь чухал юм" гэжээ.

Таны сурталчилгаа