Цаг үеийн мэдээ

Өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний допингийн эсрэг байгууллагаас 32 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг олон нийтэд зарласан. Тэдний мэдээлснээр 48 шинжилгээний 44-ийнх нь хариу ирсэн. Үлдсэн 4-ийг нь нарийвчлан шинжилж байна гэсэн. Тэгвэл энэ талаар спортын сэтгүүлч, бөхийн төрлүүдийн тайлбарлагч С.Шижирбатын өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрбээр "4 хүнээс допинг илэрчээ. Миний олон жил шахаж шаардаж ирснийг энэ жил наадмын комисс, Монада хоёр хэрэгжүүлэх аядаж бас л алдаатай юм хийлээ. ВАДА буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмээр яаралтай нөхцөлөөр мөнгийг нь төлбөл шинжилгээний хариу 48-72 цагийн дотор ирнэ. Олимп ДАШТ-нүүдийн шинжилгээний хариу ингэж л гардаг. Яаралтай нөхцөлөөр мөнгөө төлсөн тохиолдолд бөөндөө явсан шинжилгээний хариу мэйлээр бөөндөө л ирнэ, цуврана гэсэн юм байхгүй ээ. Монадагийнхны олон жил самарсан, анагаах ухааныг доромжилсон юм хэлж ард түмнийг тэнэгтүүлж ирсэн яриа шүү дээ. Энэ зүгээр л шээсний шинжилгээ шүү дээ. Өнөөдөр тэд хэлэхдээ 32 бөх 16 харваач 48 хүний шинжилгээнээс 44-ийнх нь хариу ирж 4 хүний хариу үлдлээ, дахиж нягталж байна, энэ 4 хүнээс допинг илрээгүй ч байж болно гэж байдаг шүү. Наадмын өмнө хэвлэлийн хуралд сэжигтэй гарсан шинжилгээг давтан шинжлэхэд 14-21 хоног хүлээнэ гэж хэлсэн. Энэ Б савны асуудал биш шүү, А сав шүү. Олон Улсын Лабораторийн стандартад А савны баталгаажуулах шинжилгээг 14-21 хоногт хийж хариу ирнэ гэсэн заалт байхгүй ээ. Маш хурдан ирэх ёстой. 48 сорьцыг 48 цагийн дотор гаргаж байхад 4 сорьцыг 14-21 хоногт гаргана гэж юу байхав дээ. Гормон болон Эпопротейн илэрсэн эсвэл тамирчны биологийн паспорт буюу цусны шинжилгээтэй холбоотой тохиолдолд шинжилгээний байгууллага, үр дүнгийн удирдлага хариуцсан байгууллага, эсвэл ВАДА-гийн санаачилгаар А савны баталгаажуулах шинжилгээг хийх зохицуулалттай. Олон Улсын Итгэмжлэгдсэн лаборатори ямар ч тохиолдолд өөрөө санаачилж баталгаажуулах шинжилгээг хийхгүй ээ. Одоо 4 хүнээс илэрсэн допингийн бодисыг баталгаажуулах зорилготой А савны нэмэлт шинжилгээг хийж байна аа, хариу маш хурдан гарна аа. 

4 хүнээс илэрсэн бодис өөрчлөгдөнө гэж байхгүй ээ. Өнөөдөр ВАДА-гийн дүрмээр Дэлхийн жишгээр Допингийн эсрэг үндэсний дүрмээрээ энэ 4 хүнийг Монада зарлах ёстой байлаа. Олон ч хэлсэндээ бусад спортын төрлүүдэд А савнаас илэрсэн бол Б савыг хүлээхгүйгээр буюу тухайн тамирчин өөрийн зардлаар Б саваа шинжлүүлнэ үү, шинжлүүлэхгүй байна уу хамаагүй шууд зарладаг. Харин шийтгэл нь бол Б савныхаа дараа болно оо. Жил болгон хугацаандаа зарлахгүй таавар таалгаж хэрүүл үүсгэж ард түмнийг талцуулдаг Монада гэж завхарсан газрыг цэвэрлэх гэж үзсээр л байна даа" гэжээ.

Таны сурталчилгаа