Цаг үеийн мэдээ

Зуны ХХХIII олимпын наадмын жүдо бөхийн жин тус бүрийн сугалаа дөнгөж сая явагдлаа. “Парис-2024”  олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд 5 тивийн 122 улсын эрэгтэй 192, эмэгтэй 186 нийт 378 жүдоч эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд хүч сорих юм. Эдгээр тамирчдаас уншигч танд сонирхуулахад: 

- Африкийн 31 улсын 43 бөх 

- Азийн 25 улсын 95 

- Европын 36 улсын 180

- Далайн 7 улсын 10 жүдоч

- Пан Америкийн 22 улсын 50 жүдоч хүч үзэх юм. 

Монголын баг тамирчид эмэгтэй 5, эрэгтэй 5 жинд хүч сорино.  

Эмэгтэйчүүдийн 48 кгд Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, шинэхэн Ази тивийн болон дэлхийн аварга, ОУХМ  Б. Баасанхүү хүч үзнэ. Манай тамирчны жинд 31 бөх байна. Тэрээр эхлээд Мальта улсын бөхтэй. Ялаад Австри, Хятадын Хонгконгийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. 

Эмэгтэйчүүдийн 52 кгд Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай, ялбал шөвгийн 8-д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй хүч үзнэ. 

Эмэгтэйчүүдийн 57 кг жинд дэлхийн хошой хүрэл медальт, ОУХМ Л.Энхрийлэн өрсөлдөнө. Түүний жинд 23 бөх байна. Манай тамирчин эхлээд Косово улсын Нора Гяховатай барилдана. Ялвал Недерланд, Германы бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. 

Эмэгтэйчүүдийн -78 кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин О.Хүслэн хүч сорих юм. Манай бөх  Эквадорын бөх   Ванессатай хүч үзнэ. 

Эмэгтэйчүүдийн +78 кг жинд 25 бөх дэвжээнд гарна. Энэ жинд манай улсаас Азийн наадмын хүрэл, Ази тивийн мөнгөн медальт, ОУХМ А.Адьяасүрэн өрсөлдөнө. Манай бөх эхлээд Казахстаны Камила Берликаштай барилдаж ялбал дэлхийн аваргын мөнгөтэй Туркийн Кайра Оздемир түүнийг хүлээж байна. 

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э. Ариунболд өрсөлдөнө. Манай тамирчны жинд 25 бөх байна. Тэрээр D зоонд эхний барилдаанаа Египетын Сэми Юссритэй хийнэ, ялвал Францтай шөвгийн 8-д үлдэхийн төлөө хүч сорино. 

Эрэгтэйчүүдийн 66 кгд дэлхийн хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Ё. Басхүү өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанд Киргиз, Украйны ялсантай шөвгийн 8-д үлдэхийн төлөө хүч сорих юм. 

Эрэгтэйчүүдийн 73 кгд ОУХМ Б. Эрдэнэбаяр өрсөлдөнө. Тэрээр эхний даваанд Дэлхийн аварга Нилс Штамптай хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -100 кгд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б. Гончигсүрэн  улсаа төлөөлнө. Манай тамирчин эхний даваанд Дэлхийн аваргын хүрэл медальт, Израйлын Петр Палтчектэй барилдана. Энэ жинд 25 бөх бий. Манай тамирчин ялбал Тажикстан, Францын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн +100 кгд ОУХМ О. Цэцэнцэнгэл өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд С хэсэгт сугалаа татаж Германы Эрик Амбрамовтой барилдахаар болов. Түүний жинд 23 бөх байна. Алдарт Тедди Д хэсэгт бий.

Таны сурталчилгаа