Цаг үеийн мэдээ

ПАРИС ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимпын наадам  буюу долдугаар сарын 26-ны өдрөөс албан ёсоор эхлэх гэж байна.

Олимп гэдэг зөвхөн спортын наадам бус дэлхийн улсуудыг нэгэн дээвэр дор нэгтгэх, эв нэгдлийг бэхжүүлэх ид шидтэй билээ. Тиймдээ ч үндсэн тэмцээнээс гадна соёлын наадам, хөгжөөн дэмжигчдийн бүс, олон нийтийн оролцооны хөтөлбөрүүд тэргүүтэй үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Тухайлбал 15 орчим улс өөрийн House төслөөр дамжуулан улс орныхоо соёл уламжлал, ёс заншил, үүх түүхээ олон улсын иргэдэд таниулах юм. Харин энэ жилийн Олимпын наадамд тэдний нэг нь Монгол Улс байх болно.

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны санаачилгаар хэрэгжүүлж буй уг төсөл нь 2023 оноос эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, Төрийн бус байгууллагууд болон бизнесийн түнш байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.

Mongolia House хотхон Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах 55.5 га талбай бүхий Ла Виллет /Parc de la Villette/ цэцэрлэгт хүрээлэнд VII/27 - VIII/11-ний өдрүүдэд Монгол Улсыг дэлхийд сурталчлахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ба олон улсаас хуран цугласан спорт сонирхогч, дэмжигч, жуулчдаас гадна Франц, түүний эргэн тойрон дахь Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудад үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Төслийн хүрээнд 16 өдрийн турш үдийн 11 цагаас шөнийн 22 цаг хүртэл өдөр бүр түүх уламжлалаа таниулах олон төрлийн урлаг соёлын үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулна. Илүү тодруулбал, тусгайлан зассан гурван гэрт хүндэт зочдоо хүлээн авах юм.

“Go Mongolia” гэр - Монгол орны соёл уламжлал, ёс заншлыг таниулах зорилготой уг гэрт үндэсний идээ зоог амтлах, монгол тоглоом наадгайтай танилцах боломжтой.

“Team Mongolia” гэр - Олимпын баг, тамирчдын түүх, амжилтыг сурталчлах, спорт, урлаг, төрийн төлөөлөгчдийг хүлээн авна.

“Stage Mongolia” тайзнаа өдөр бүр тогтсон цагт үндэсний урлагийн үзүүлбэр, уран нугаралт, үндэсний бүжиг, уртын дуугаар үзэгч олныхоо сонорыг мялаах болно.

Үүний зэрэгцээ манай хотхоноор зочилсон хүн бүрийн нэрийг үндэсний уран бичлэгээр бичиж дурсгах ба Монгол Улсыг сурталчлан таниулан мерч бүтээгдэхүүн худалдан авах, задгай талбайд Монгол үндэсний идээ ундаагаар үйлчлүүлэх, тусгайлан зассан хэсэгт гэрэл зураг авхуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа Mongolia House-ийг зорин ирсэн хэн бүхнийг хүлээж буй.

Таны сурталчилгаа