Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан байдаг. Улмаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч ХБНГУ-ын Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд шинжлүүлэсэн. Ингээд аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн.

Харин улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу иржээ хэмээн ХЗДХЯ-наас мэдээлсэн билээ. Тухай бодис илэрсэн бөхчүүд өөрсдийн цахим хаягаар байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл Улсын харцага Г.Ганхуяг хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон гэх асуудалд тайлбар гаргажээ. 

Тэрбээр "ТАЙЛБАР: Үндэсний бөхийн салбар хорооны үр дүнгийн удирдлагын баг 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээний хариуг олон нийтэд танилцуулсан.

Тус мэдэгдэлд миний шинжилгээний хариуг хэвийн бус гэж тогтоогдсон талаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл цацагдаж байгаа тул би дараах тайлбарыг хүргэж байна.

​Миний бие Үндэсний их баяр наадмын бэлтгэлийн үеэр хүзүү толгойндоо гэмтэл авч, мэдрэлийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, тархины доргилт, хаван гэж оношлогдсон. Тиймээс эмчийн зөвлөсний дагуу  “Энгийн эмийн жор”-оор эмчилгээ хийлгүүлсэн.

Улмаар  2024 оны долдугаар сарын 12-ны өдөр өгсөн допингийн шинжилгээний хариу  “Хэвийн бус шинжилгээний илэрц” гэж тогтоогдсон бөгөөд Ацетазоламид элемент 18ng/mL хэмжээтэй илэрсэн юм.  

Хэвийн бус илэрц гэдэг нь WADA-н дүрэмд олимпын төрлийн жингийн ангилалтай спортын тамирчин жин хасах зорилгоор тухайн элемент 20ng/mL доош буюу маш бага хэмжээтэй хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлыг хэлдэг байна.

Тус бодис үйлчилгээ нь хаван хөөх, шингэн гадагшлуулах бөгөөд дараах 2 шалтгаанаар тухайн тамирчин өөртөө давуу байдал үүсгэх зорилгоор хэрэглэх боломжтой гэж үзэн WADA-н хориотой бодисын жагсаалтад оруулжээ. Үүнд:

1 . Тухайн бодис нь тамирчны биеэс 20ng/mL ба түүнээс дээш илэрсэн тохиолдолд WADA-гийн дүрэмд аливаа хориотой бодисыг нуун далдалсан гэж үзэж шууд зөрчил гэж үзнэ. Тухайн бодис нь 20ng/mL буюу  түүнээс бага хэмжээгээр илрэх үед өөр хориотой бодисын үлдэгдлийг хөөж, далдлахад ямар ч үр дүнгүй (WADA TL24 1.0 ) гэж заажээ. (Надаас илэрсэн хэмжээ маш бага буюу 18ng/mL) 

2. Олимпын төрөл болон Олон Улсын Олимпын Хороо-нд хүлээн зөвшөөрөгдсөн жингийн ангилалтай спортын  төрлийн тамирчин жин хасахдаа давуу байдал үүсгэх зорилгоор хэрэглэх боломжтой гэж (WADA TL24 1.0 ) заасан.

Миний чөлөөт бөхийн спортын үндсэн жин 92 кг бөгөөд олимпын жил  жин өгсөж 97 кг-д эх орноо төлөөлөн тив дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдсөн.

Энэ хугацаанд WADA болон MONADA-ийн тэмцээний үеийн болон тэмцээний бус цаг үед допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байсан бөгөөд зөрчил илэрч байгаагүй.

Үндэсний бөх нь Олимпын болон жингийн ангилалтай спортын төрөлд хамаардаггүй, нас, жин, өндөр хязгаарладаггүй тул эцсийн шийдвэрийг гаргах дотоодын эрх бүхий байгууллагууд миний энэ асуудлыг сайтар нягталж, шийдвэрлэнэ гэж итгэж байна.  

Эцсийн шийдвэр гарах хүртэл бөхөд хайртай ард түмэн, дэмжигчид та бүхэн маань аливаа мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсье.

Та бүхэн минь надад бүрэн итгэж болно.

Хүндэтгэсэн: 

Монгол Улсын Үнэн Зоригт Харцага Г.Ганхуяг" гэжээ.

Таны сурталчилгаа