Цаг үеийн мэдээ

Манай тамирчин Б.Баасанхүү Японы жүдоч Цунадо Нацумитай "Парис-2024" олимпын аваргын төлөө хүч үзлээ. Өмнө хоёр удаа хүч үзэхдээ хоёуланд нь Цунадо Нацуми ялж байв. Гурав дахь удаагаа Олимпын аваргын төлөө финалдаж, манай жүдоч Б.Баасанхүү ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.  

Ийнхүү жүдогийн төрлөөр манай улс зургаан олимп дараалан медаль хүртэж байна.

“Парис-2024”  зуны олимпын наадмын Эмэгтэйчүүдийн 48 кг-д  2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний алтан медальт,  ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн  тамирчин Б.Баасанхүү C зоонд Мальтийн  Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр,  хэсгийн аваргын төлөө Парагвайн  Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан.

Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө түүн дотор эмэгтэй  жүдочдын олимпын мөнгөн медальтай 2 дахь бөх болж байна. Мөн Монголын жүдо бөхийн баг тамирчид олимпын наадмаас анхлан медаль хүртсэн түүхэн цаг үеэс хойш 44 жилийн дараа олимпын медальтан болсон том гавьяаны эзэн нь Б. Баасанхүү боллоо.

Монгол Улс олимпын наадамд өрсөлдөж эхэлсэн цагаас хойш нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд буй. Үүнээс жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас 1980 оны Москвагийн олимпын наадамд Р.Даваадалай хүрэл, Ц.Дамдин мөнгөн медаль хүртэж  жүдочид олимпын наадмын түүхэнд анхны медалиа хүртсэн түүх  болсон юм.  Түүний үргэлжлэл 1996 оны Атлантын олимпын наадамд Д.Нармандах хүрэл, 2000 оны оны Афины олимпод Х.Цагаанбаатар хүрэл, 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр аварга, 2012 оны Лондонгийн олимпын наадамд Н.Түвшинбаяр мөнгө,С.Ням-Очир хүрэл,  2016 оны Риогийн олимпын наадамд Д.Сумьяа мөнгө, 2020 оны Токиогийн олимпын наадамд М.Уранцэцэг хүрэл, Сайд Моллай мөнгөн медаль хүртэж байсан түүхэн цаг үе Монголын жүдо бөхийн холбооны түүхэн гавьяа.

Таны сурталчилгаа