Олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абэ Хифумигийн тухай, түүнийг хэн бэ гэдэг талаар мэдээлэл бэлтгэх нь зүйтэй байх. Тэр бол орчин цагийн жүдо бөхийн нүүр царай, үлгэр дуурайлал болж буй тамирчин юм.
I.
Абэ Хифуми 1997 оны наймдугаар сарын 9-нд Японы Хёго мужийн төв Хоншү арал дээр байрлах Кобэ хотод төрсөн. Тэрээр зургаан настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, тэмцээнд оролцож эхэлсэн. Түүний аав Кожи Кобе хотын гал унтраах газарт гал сөнөөгч хийдэг байв. 2014 оны залуучуудын олимпын аварга болсных нь дараа Абэгийн талаар хэвлэл мэдээллээр шуугиан дэгдэж олонд танигдаж байв. Төд удалгүй 17 насандаа Токиогийн их дуулга тэмцээнд жингийнхээ шилдэг бөх, дэлхийн аварга Масаши Эбинумаг ялж түрүүлсэн.
2015 онд Улаанбаатарын Гран Прид өрсөлдөж, аваргын төлөө Д.Төмөрхүлэгтэй өрсөлдөж, ваза-ари үнэлгээгээр илүүрхэж байсан. Эцсийн мөчид Д.Төмөрхүлэг иппон үнэлгээгээр түүнийг буулган авсан байдаг. Өмнө нь тэрээр Дюссельдорфын гран прид Д.Төмөрхүлэгт ялагдаж байв.
Абэ 2016 оны Риогийн олимпод 19 насандаа оролцох боломжтой байв. Гэвч гэмтлийн улмаас оролцож чадаагүй. Түүний өвдөгний шөрмөсний бэртэл амжилтад нь сөрөг нөлөө үзүүлж байлаа. Гэмтэл нь эдгэсний дараа Гранд Слам тэмцээнүүдэд ялагдашгүй байж, рекорд тогтоов. Ийн тэрээр Токиогийн олимпод дүү Абэ Ютагийн хамтаар нэг өдөр олимпын аварга болсон байдаг.
II.
Парисыг зорихын өмнө Абэ Хифуми “Огт өөр олимпыг та бүхэн үзнэ. Сэтгэлд минь нийцэж байгаа. Миний эсрэг хашхирах өрсөлдөгчдийн минь фенүүдийн дуу ч надад ашигтайгаар эргэнэ. Японд бэлтгэл бүрэн хангагдсан. Би түрүүлнэ” гэсэн байдаг. Хэлсэндээ хүрч олимпын жүдо бөхийн 66 кг-д тэрээр алтан медаль хүртэж, олимпын хошой аварга боллоо. 2019 оноос хойш өвдөг шороодоогүй гэх бахдам амжилт түүний нэр дээр. Таван жилийн хугацаанд түүнтэй өрсөлдөж, буулгаж авах жүдоч гарч ирээгүй байна. Түүний хувьд татами дээр ч тэр, амьдрал дээр ч тэр сэтгэл хөдлөлөө харуулдаггүй. Тайван бөгөөд нухацтай барилддаг. Ялалт амьдралд нь байдаг л зүйл мэт аягладаг нь дэлхийд шагшигддаг. Абэгийн олимпоор харуулсан сэтгэлзүйн байдал, төвлөрлийг жүдо бөх сонирхдоггүй хүн ч бахархан биширсэн билээ. Ийн тэрээр олимпын хошой аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо. Өдгөө 26 настай Абэ дараагийн олимпод ч аваргалаад зогсож байхыг таашгүй. Жүдогийн ертөнцийн анхаарлын төвд орших Абэд алтан медалиас бусад нь амжилт биш. Мөнгө, хүрэл байж болшгүй үр дүн.
III.
Абэгийн барилдаан Японы жүдо бөхийн орчин үеийн хэв маягт суурилдаг. Баруун гараар Seoi nage, sode-tsurikomi-goshi-г мэргэжлийн түвшинд эзэмшсэн. Тулааны үеэр түрэмгий барилдаж бие бялдар, эрч хүчээр илүүрхдэг. Жүдогийн хурдан хэмнэлийг илүүд үздэг. Өрсөлдөгчөө дунджаар хоёр минутад ялдаг. Шидэлт хийхдээ давхар ханцуйнаас атгах дуртай. Абэ ихэвчлэн осото гари, оучи гари зэрэг аши ваза ашиглан наге вазагаа тохируулах ур чадваруудыг холбодог бөгөөд осото гари болон оучи гариг иппондоо ганц ур чадвар болгон ашигладаг. Абэ Тадахиро Номураг өөрийн дуртай тулаанч, жүдогийн гол нөлөө бүхий тамирчин гэж үздэг.
IV.
Парис 2024 олимпын наадамд түүний дүү Абэ Юта эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан. Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абэ Үта хоёрдугаар тойрогт Узбекистаны Диёра Кельдиёровад цэвэр ялагдсан. Түүний ялагдлын талаар хэвлэлүүд онцолж, дэлхий даяар шуугиан дэгдсэн билээ. Абэ Хифуми олимпод орохоос өмнө "Түүний ахын хувьд надад алдах эрх байхгүй" хэмээн хэлж байв.
Б.ТҮВШИН