Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжин бэхжиж байгааг онцлов. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй харилцаа чухал үүрэгтэй бөгөөд Улсын Их Хурал, Бундестаг хоорондын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч дэмжихээ илэрхийллээ.

Элчин сайд Хельмут Кулитц ХБНГУ, Монгол Улсын хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж буйг онцлоод шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй Монгол Улсын парламент, Бундестаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Энэ онд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Таны сурталчилгаа