"Парис-2024" зуны олимпын наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр олимпын талбарт Монголын гурван тамирчин өрсөлдөнө.
15:30 цагт: Буудлага спортын урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн шилдэг наймд шалгараад буй. Өнөөдөр тэр медалийн төлөө цэц мэргэнээ сорих бөгөөд тэрбээр "Парис-2024" олимпын наадмын эрх авсан Монголын анхны тамирчин юм. Буудлага спортын төрлөөр манай улсын баг тамирчид олимпын наадмаас мөнгө, хүрэл медальтай боловч урт бууны төрлөөр медаль аваагүй билээ.
16:00 цагт: Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл нар барилдана. Азийн АШТ-ий мөнгөн медальт А.Адъяасүрэн жиндээ дэлхийн чансааны 23 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол О.Цэцэнцэнгэл жиндээ дэлхийн чансааны 19-д жагсаж байна. Олимпын наадмын жүдо бөхийн барилдаан өнөөдөр өндөрлөх бөгөөд маргааш багийн барилдаан болно.