Цаг үеийн мэдээ

"Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын буудлагын спортын төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчид болох ОУХМ Н.Баяраа, О.Есүгэн, Э.Даваахүү нар цэц сорьж байгаа билээ. Олимпын наадмын 7 дахь өдрийн байдлаар манай тамирчид дараах амжилтуудыг үзүүлээд байна.

Эрэгтэйчүүдийн 10 метр гар буун дасгалд ОУХМ Э.Даваахүү 578 оноогоор шилдэг наймд шалгарч, финалын шатанд 115.7 оноогоор 8 дугаар байр эзлэн Монголын буудлагын спортын ТҮҮХЭН  АМЖИЛТ тогтоосон юм.

Эрэгтэйчүүдийн 50 метр урт бууны дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа 584 оноогоор 30-р байрт шалгарч тэмцээнээ өндөрлүүлсэн бол эмэгтэйчүүдийн 50 метр урт буун дасгалын төрөлд ОУХМ О.Есүгэн 586 оноогоор шигшээ наймд шалгарч, финалын шатанд 407.6 оноогоор 7 дугаар байр эзэлж, Монголын буудлагын спортын түүхэнд нэгэн ШИНЭ ХУУДАС нээлээ.

Буудлагын 10 метрийн урт бууны холимог багийн дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа 311.3, О.Есүгэн 314.1 тус тус авч, 625.4 багийн оноогоор 16 дугаар байр эзэлсэн юм.

Эмэгтэйчүүдийн 10 метр урт бууны дасгалын төрөлд ОУХМ О.Есүгэн 627.6 оноогоор 18 дугаар байр, эрэгтэйчүүдийн 10 метр урт бууны дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа 627.0 оноогоор 29 дүгээр байрт тус тус шалгарсан билээ.

Харин буудлагын спортын хамгийн сүүлийн тэмцээн болох 25 метр гар буун дасгалын төрөлд ОУХМ Э.Даваахүү маань наймдугаар сарын 4-ны өдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт өрсөлдөнө. 

Таны сурталчилгаа