Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг бүрэлдэхүүн энэ сарын 06-ны өдөр БНХАУ-ын “Мебо” группийн захирал Yang Zhibin, дэд захирал Liu Gang, Олон улсын харилцаа болон маркетингийн албаны захирал David Li, Олон улсын харилцаа болон маркетингийн албаны дэд захирал Micheal Wu нарыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар төв болон салбар эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, гэмтэл согог болон түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний дэвшилтэт арга туршлага, санал сэтгэгдлээ солилцсон юм.
Түүнчлэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг БНХАУ-д хийх, мөн эрдэм шинжилгээ судалгаа, шархны сургалтын “International Training Center” төвийг ГССҮТ-ийн салбар эмнэлэгт байгуулах, сургагч багш бэлтгэх ажлын талаар ярилцаж тохирсон байна.
Энэ хүрээнд ирэх аравдугаар сард эхний ээлжийн 10 эмчийг БНХАУ-д сургалтад явуулахаар боллоо.
Уг сургалтын төвийг байгуулснаар Монгол Улсын хэмжээнд гэмтэл согог, мэс засал болон шархны эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх эмч, боолтын сувилагчдыг сургах, түүнчлэн гадаад улс орнуудаас эмч нар ирж суралцах, сургалт явуулах бүрэн боломжтой болох юм.