Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд өнөөдөр ИБУИНХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ФИОНА БЛАЙТ болон Батлан хамгаалахын атташе, тэнгисийн цэргийн ахмад Вилиамстай уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Өмнө нь хоёр улсын Зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр сайн ойлголцож, идэвхитэй хамтран ажиллаж байсан. Энэ харилцаагаа батлан хамгаалахын салбарт ч үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт уузалтын эхэнд илэрхийллээ.
Монгол Улсын гадаад бодлогод гуравдагч хөршийн бодлого тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Их Британийг бид манай гуравдагч хөрш, бүс нутаг дахь ойрын түнш улс хэмээн үздэг. Иймээс манай хоёр орон цэргийн салбарт хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх Британи Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон.
Өнгөрсөн онд Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож, Батлан хамгаалах салбарт анх удаа сайдын түвшний айлчлал хийгдсэн. Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх үндэс суурь баттай тавигдаж, хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжүүлэн бэхжүүлэх тэр дундаа энх тайван, аюулгүй байдал, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэгт бодит үр дүн гарган ажиллахаар талууд энэ удаагийн уулзалтаар ярилцлаа.