Монголдоо ганц олон улсын хүүхдийн зуслан Найрамдал өдгөө 45 жилийн түүхтэй. Хүүхэд бүрд л уг зусланд амрах сан гэдэг хүсэл нуугддаг байх. Би ч хүүхэд байхдаа мөрөөдөж л явлаа даанч биелээгүй л дээ. Гэхдээ ажил амьдрал дээр гараад очиж амраагүй ч сурвалжлах боломж хэд хэд тохиож байлаа. Хамгийн сүүлд олон улсын Найрамдал зусланг 5 жилийн өмнө 40 жилийн ойгоор нь сурвалжилж байлаа. Ойрд очоогүй газартаа 5 жилийн дараа очих нь хэмээн сэтгэл догдлон хотоос гарлаа.
Яг үнэндээ тийш очиход хотоос огтоосоо гарсангүй. Хотын гэр хороолол үргэлжилсээр Найрамдал зуслангийн бараа харагдах нь тэр. Тийш явах зам нь нүх сүв онгорхой цоорхой гэж яриангүй. Энэ дарсан зураг зөвхөн нэг хэсгийнх нь. Бүх нүх сүвний зургийг дараад явна гэвэл шөнөдөө багтаж хотын төв рүү орохгүй.
Найрамдал зуслан СХД-ийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт багтдаг аж. Уг хорооноос зам арчлалтыг хаанаас хариуцдаг талаар тодрууллаа.
Нийслэлийн СХД-ийн 34 дүгээр хорооны засаг дарга А.Батбаяр
-Найрамдал зуслангийн замын арчлалт, засварыг хаанаас хариуцдаг вэ?
-Хуучин Нийслэлийн замын хөгжлийн газраас хариуцдаг байсан. Одоо хариуцах эзэнгүй л болоод байна.
-Хамгийн сүүлд энэ замыг хэзээ зассан бэ?
-Жилийн жилд л нөхдөг юм. Энэ жил харин нөхөж амжаагүй л байна. Хүсэлт гаргасан ч төсөв мөнгө нь шийдэгдээгүй л байгаа.
Тус хорооны засаг дарга ийм хариулт өглөө. Хүүхэд бүрийн хүслийн газар нь зорин очих замдаа гашуудал болон хувирахад тун ойртжээ. Замын нүх сүвийг тойрон гарах гэсэн жолоочид мөргөлдөж бэртэж гэмтэх аюул энэ замд их байна. Мөн дээрээс нь зам дагасан хог новш хаа сайгүй хөглөрчээ. Зусланг зорин очих олон улсын хүүхэд залууст энэ орчин сайхан санагдахгүй нь лавтай. Тэр орчных нь үнэр хажуугаар нь машинтай гарахад ч эвгүй ханхална. Улсдаа ганцхан олон улсын зуслангийн зам нь “Орчин нь хог, зам нь там” болжээ.
С.ОТГОН
Бадам сүрэн
2024-08-08
Жил болгон нөхөж буй гээд энд тэнд үхрийн баас овоолчихсон юм шиг л харагддаг буцаад намар бороонд угаагдаад ахиад л овон товон хаа газар аятайхан үнэн юм хийчихэд яадаг бол зам зуураас идсээр байгаад л юу ч биш болох юм нэг л олон дарга нар цагаа тулахаар бие биерүүгээ чихээд хариуцах эзэнгүй
ҮНЭН
2024-08-09
Оршин суугчдаас хогны мөнгийг цахилгааны мөнгө дээр бичиж авдаг. Гэхдээ иргэдээсээ ирж хог авдаггүй. Манайх Улаан толгойн дор, замын зүүн талд байртай. 10 жил болж байхад нэг ч хогны машин ирж хог аваагүй. Хувийн компани л хариуцдаг сурагтай. ЗАМ ярилтгүй. ХОТЫН удирдлага ч сайн мэдэж байгаа. Засая гэсэн сэтгэл алга даа.