Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй 11 сургуулийн барилга, 1 дотуур байр тендерийн хугацаагаараа 2025 онд ашиглалтад орох товтой. Яамны зүгээс төслийн гүйцэтгэгч компаниудад барилгаа 2024.09.01-нээс өмнө болон энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулах тухай албан бичгийг хүргүүлэв.
Тус барилгууд ашиглалтад орсноор сургуулиудын хүчин чадал 6920 суудлаар нэмэгдэж, энэ тооны сурагчид гурван ээлжээр хичээллэх эрсдэлгүй болох юм.
Боловсролын сайд П.Наранбаяр дээрх асуудлаар өнөөдөр гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав. Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө барилгаа ашиглалтад оруулахаар идэвх санаачилгатай ажиллаж буйд нь тэрбээр талархал илэрхийлсэн юм.
Заасан хугацаанд барилгаа бүрэн ашиглалтад оруулсан тохиолдолд ирэх оны санхүүжилтийг энэ онд багтаан бүрэн олгох зохицуулалт хийхээр ажиллаж буйгаа хэлж, цаашид хувийн хэвшил ажлаа чанартай, шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөлд төр баталгаа өгч, хариуцлагатайгаар түншлэх ёстойг онцоллоо.