Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран зохион байгуулсан “Хааны эрэлд 2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль өнөөдөр өндөрлөлөө.
Хаалтын ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг болон гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд болон цэргийн атташе нар, төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд, “Хааны эрэлд-2024” сургуульд оролцогч орнуудын цэргийн багийн бүрэлдэхүүн оролцсон юм.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйлсэд бодитоор оролцож, энэ дэлхийн өнцөг булан бүрд үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хангалттай нотлон харуулсан. Мөргөлдөөн, зөрчилтэй бүс нутагт энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэвчээр эр зориг, ур чадвар шаардсан хүнд ажил байдаг. Энэ бол энх тайвныг тогтоох, амар амгаланг сахиулах хүчтэй эрмэлзэл, албаны ухамсар, хариуцлагыг ихээр шаарддаг үйлс. Монголын энхийг сахиулагчид томилогдсон, үүрэг гүйцэтгэсэн газар бүрдээ монгол цэргийн чадвар, сахилга хариуцлагыг нотлон харуулж, эх орноо нүүр бардам төлөөлж ирсэнд Батлан хамгаалахын сайдын хувьд би бахархал дүүрэн байдаг” гэв.
Мөн “Хааны эрэлд” сургуулийг жилээс жилд дэлхийн халуун цэгүүд дэх энхийг дэмжих ажиллагаа явагдаж буй бүс нутгуудад үүсэн цагийн байдалд дээд зэргээр ойртуулсан хэлбэрээр зохион байгуулж ирсэн нь оролцогч орнууд энэхүү сургуульд өндөр ач холбогдол өгч анхааран сонирхож, энхийг сахиулагчдаа илгээн оролцуулах эрмэлзлийг бий болгож өгсөн гэдгийг онцоллоо. Энэхүү сургуулийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ болон мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ дээшлүүлэн, харилцан туршлагаа хуваалцан сургуульд амжилттай оролцож, халуун дотно сэтгэлээр нөхөрлөсөн бүх улсын цэргийн алба хаагчдад сайд С.Бямбацогт талархал илэрхийлсэн юм.
2024-08-08
Ene Byambatsogt, Choijilsuren 2-oos yag yu avtchihaad baritsaaluulsan yum be ta nar Khuukee, Oyuk aa??!!