Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.08.13) БНХАУ-ын Ляонин мужийн дэд дарга Жин Гуовэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Сайд Н.Учрал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Хятадын “Дэлхий нийтийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилгын зорилтуудыг харилцан уялдуулах шаардлага байгааг онцлов. Мөн хоёр талын хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах зэрэг чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.
БНХАУ-ын Ляонин мужийн дэд дарга Жин Гуовэй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах, инженерийн боловсролыг дээшлүүлэх, дадлагажуулах, боловсон хүчин солилцох зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Талууд энэ онд Монгол, Хятадын дипломат харилцааны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тус тус тохиож байгааг тэмдэглэв. Эдгээр тэмдэглэлт ойн хүрээнд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.