Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, Монголын үндэсний спортын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй "НҮҮДЭЛЧИН" соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд гурван өдөр боллоо.
Тус фестивальд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд болсон бөгөөд эхний өдөр болсон Үндэсний бөхийн өсвөр үеийнхний барилдааны15-16 насны ангилалд Э.Гантогтох түрүүлж, Г.Эрхэмхүү үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт н.Билгүүдэй, П.Эрдэнэтулга нар тус шалгарлаа. Харин 13-14 насны ангилалд Л.Алтаншагай түрүүлж, Д.Гандорж үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Д.Бүрэнзэвсэг, С.Шинэ-Идэр нар шалгарсан байна.
Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын заан Д.Анар, улсын харцага Х.Гантулга, өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Лхагвадорж тэргүүтэй 96 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Алдар спорт хороо, Эрдэнэсийн хотхон ХХК, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Аврагч спорт хороо, Степ гоулд ХХК, Цагаан сор ХХК, Бүрэн дуулга ХХК, Дорнын хүчтэн дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар үзүүрлэв. Шөвгийн гуравт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Алдар спорт хороо, Макс групп, Эвсэг ХХК, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын начин Батжаргалын Лхагвадорж шалгарлаа.
Тус фестивалийн үеэр үндэсний спортын 23 төрөлд тэмцээн уралдаан өрнөсөн юм.