Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран 2024 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2024" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй явган алхагч хүрэлцэн ирэх юм.
Монгол Улсаас 400 гаруй явган алхагч оролцохоор бүртгүүлээд байна.
Оролцогчид:
-Наймдугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут,
-Наймдугаар сарын 24-ний өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут,
-Наймдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот доторх алхалт буюу “Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас - Скай ресорт” цанын бааз гэсэн маршрутаар тус тус алхалт хийхээр төлөвлөж байна.
Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль анх удаа хот доторх алхалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд дэлийн улс орнуудад энэ төрлийн алхалт, олон улсын фестивалиуд өргөн дэлгэрсэн байдаг.
Тухайлбал, Токио хотын Олон улсын явган алхалтын фестиваль, Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотын олон улсын фестиваль, БНХАУ-ын Бээжин хотын явган алхалтын фестиваль гэх мэт Монголын явган алхагчдын өргөнөөр оролцдог аж.
Фестивальд оролцсоноор Улаанбаатар хот болон Горхи Тэрэлжийн байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийн, олон орны хүмүүстэй танилцаж, Монгол Улсынхаа өв соёлыг сурталчлан нөхөрлөлийн хүрээгээ тэлэх боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.