Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид Регбигийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ. Шүхэрчин дайчид Зэвсэгт хүчний аварга шалгаруулах регбигийн тэмцээний гурван удаагийн аваргаа ийнхүү улсын аваргын хүрэл медалиар бататгаж чадсан байна.
Регбигийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг “Хан-Уул” клуб, мөнгөн медалийг “Ангууч арслан” клуб, хүрэл медалийг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Дайчид” клубийн тамирчид хүртжээ. Шилдгүүдийн шагналыг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган, Монголын регбигийн холбооны ерөнхийлөгч П.Батбаяр нарын албаныхан гардуулж өгсөн байна.
Регби спорт нь Монгол Улсад хөгжөөд 20 гаруй жил болж байгаа бөгөөд Монголын регбигийн холбооноос энэ төрлийн уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулж, өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбараар Зэвсэгт хүчнийхнийг нэрлэдэг юм.
Ахмад Д.БОЛОР