Цаг үеийн мэдээ

Залуучуудын 36 хувь нь хөдөлмөрийн зах зээлд ямар нэгэн байдлаар оролцож үлдсэн 60 гаруй хувь идэвхгүй байдаг  тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бүсийн захирал Чанхи Ли УИХ-ын зарим гишүүд, ГБХНХЯ-ны төлөөлөлтэй уулзах үеэрээ хэллээ. 

Залуус цаг бүртгэдэг ажлаас зайлсхийх, зарим ажил олгогчид “би эзэн” гэх давуу хандлага гаргадаг зэргээс шалтгаалж ажлын байрны хомсдолд бий болж байгаа судалгаа ч бий гэнэ.  Энэ нь дэлхийн бүх улсад гарч буй хандлага. Тиймээс аж ахуй нэгжүүд хүний нөөцөө бүрдүүлэхийн тулд менежментээ өөрчлөх шаардлага тулгарчээ. 

Манай улс Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн найруулж, эрх зүйн орчин илүү сайжирсан ч хэрэгжилт хангалтгүй, хөдөлмөрийн зах зээлд уламжлалт тогтолцоо хадгалагдсан хэвээр байгаа талаар уулзалтад оролцогчид ярьж байлаа.  

 “Залуус идэвхгүй байгаа нь боловсролтой холбоотой. Төрийн зүгээс ур чадвартай сайн мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцдөө анхаарал тавьдаг аж ахуй нэгжүүдийг дэмждэг байх нь  чухал байна. Мөн  албан бүс хөдөлмөр эрхлэлт манай улсад их байна. Тухайлбал, зарим залуус тогтмол цалинтай ажил хийхээс илүү цахим орчноос мөнгө олохыг илүүд үздэг болжээ. Үүнийг албажуулж бүртгэхгүй байгаа нь хөдөлмөрийн зах зээлд залуус идэвхгүй байгаа мэт харагдуулж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад цагийн ажлыг бүртгэж, шимтгэл төлөх бололцоогоор хангах тухай заасан ч, хэрэгжилт хангалтгүй байна”  гэж УИХ-ын зарим гишүүд хэлж харилцан санал солилцлоо.

Таны сурталчилгаа