Шүүгдэгч Б.М, Э.О нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 08 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг ашиг олох зорилгоор түүж, тээвэрлэн, хадгалсан үйлдэлд прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлснийг хянан хэлэлцэв.
Байгалын ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тодорхойлсон бөгөөд “Ховор ургамал”-ын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ.
Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д нэмэлт оруулсан 2004 оны 165 дугаар тогтоолоор “Дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricate/ нь ховор ургамлын жагсаалтын 350-д орсон байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдэл тус бүрийг гэмт хэрэгт тооцож “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” -ээр хууль тогтоогч тогтоосон болно.
Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх юм.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.О нарт тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тэднээс байгаль экологид учруулсан 6,463,525 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу