MNS 7046:2024 Цэцэрлэгийн хүүхдийн спортын хувцас Техникийн шаардлага батлагдсан байна.
Энэ стандартын зорилго нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийг эрүүл ахуй, эдэлгээ, хэрэглээний шаардлагад нийцсэн биеийн хэмжээнд таарсан спорт хувцсаар хангах, түүнийг тохирлын баталгаанд хамруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд оршжээ.
Цэцэрлэгийн сургалтын орчинд хэрэглэх спорт хувцасны стандартын дагуу хүүхдүүдийн өмсөх богино ханцуйтай цамц нь номин ногоон (Pantone 332 C), богино өмд нь хар хөх (Pantone 19-4025 TPX) өнгөтэй байх юм.
Спорт хувцас нь эргономикийн дараах шаардлагуудад нийцсэн байх ёстой. Үүнд:
Хувцасны хийц биеийн хөдөлгөөнд тохирсон, биед эвтэй, чөлөөтэй хөдлөх боломжийг хангасан, өмсөж тайлахад хялбар, тав тухтай байдлыг дээд зэргээр хангасан байна.
Цээжний, бүсэлхийн, өгзөгний бүслүүр дээрх чөлөөт хөдөлгөөний сулын нэмэлтийн хэмжээ нь хэв шинжит бие галбиртай хүүхдийн цусны эргэлтэд саадгүй, чөлөөтэй амьсгалах, хөдлөх боломжийг хангасан байна.
Хувцасны жин нь хүүхдийн бие организмд сөрөг нөлөө үзүүлэхээргүй, хөнгөн байна.
Түүнчлэн хувцас нь хүний эрүүл мэндэд хортой болон тааламжгүй нөлөө үзүүлэхээргүй хийц, шаардлагад нийцсэн материалтай, чийг шингээлт, агаар нэвтрүүлэлт сайтай, эрүүл ахуйн шаардлага хангасан хэлбэр, хийцтэй байна гэж дээрх стандартад заажээ.