Нэгэн цагт Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд авьяас чадвараа гайхуулж явсан шилдэг хөлбөмбөгчин Баясгалангийн Гарьдмагнай нь Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд томилогдлоо.
Тэрээр Үндэсний шигшээ багт 2003-2019 оны хооронд нийт 35 удаа “Талын хөх чононууд”-ын өмсгөлтэй талбайд гарч, багийн ахлагчаар тоглохдоо 5 ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцож байсан юм.
Улмаар дасгалжуулагчийн замналаа Дэрэн клубээс эхлүүлсэн бөгөөд Атлетик 220 клубийг удирдаж 2020, 2021 оны Дээд лигийн аваргаар тодорч байлаа. Б.Гарьдмагнай нь өнгөрсөн 2023 онд Катар улсад AFC-ийн “Про” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг амжилттай дүүргэснээр манай улсын анхны Про зэрэглэлийн дасгалжуулагч болж чадсан билээ.
Монголын Үндэсний шигшээ баг маань хэдхэн өдрийн дараа Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөхийн төлөө Плэй-Оффын шийдвэрлэх хоёр тоглолтыг Зүүн Тиморын багийн эсрэг хийх болно.