ХЭҮК-оос орон нутагт хүний эрхийн зөрчилд хийх шалгалт, хяналтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц: Энэ удаагийн арга хэмжээг бид бүхэн баруун, хангай, говь, төв, зүүн, хойд бүсүүдэд аравдугаар сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хүний эрхийг аймгуудын бүсчилсэн байдлаар аваад үзвэл хангайн бүсийн хувьд Архангай, Баянхонгор, Өвөрхангай нутагт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хувьд зөрчил нийтлэг байгаа. Түүнчлэн гэмт хэрэг зөрчлийн тоо ихэссэн. Тэр дундаа захиргааны зөрчил, охидын бэлгийн хүчирхийлэлд өртөх, нэр хүндэд халдах, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх зөрчигдсөн байдалтай байна.
Говийн бүсийн хувьд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь гэх дөрвөн аймгийг хамарч байгаа. Энд 210 мянга орчин хүн амьдардаг. Говийн бүсэд уул уурхайн салбар голчлон хөгжсөн. 2023 оны жилийн эцсийн байдлаар ДНБ-ний 24 хувь, нэгдсэн төсвийн орлогын 29 хувь, нийт экспортын орлогын 91 хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ 62 мянган ажлын байр бий болгож байгаа. Үүнийг дагаад уул уурхайгаас үүдсэн тоосжилт, хүүхдийн эрхийн асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, автозамын хучилт тээвэрлэлт, гэр бүлийн салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, зорилтот бүлгийн эрхийг хамгаалах зэрэг асуудлууд говийн бүс нутагт тулгамдаж байгаа.
Төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын хувьд газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйг голлон эрхэлдэг. Улсын үр тариалангийн 60 хувь орчмыг үйлдвэрлэдэг. Төвийн хатуу хучилттай автозам, төмөр замаар холбогдсон бүс нутаг. Энэ бүс нутагт шилжин ирэгсдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт сүүлийн гурван жилд нийт 6000 гаруй иргэн шилжиж ирсэн тоон үзүүлэлтээр улсдаа тэргүүлж байна. Үүнийг дагаад зорилтот бүлгийн эрхийн асуудал ихээр хөндөгдөж байгаа. Тулгамдаж байгаа асуудлуудын шаардлагатай холбоотой төсөв хөрөнгийг шийдвэрлэх, хүүхдийн эрх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, хагас бүтэн өнчин хүүхэд, асрамж халамжийн төв дэх хүүхдийн сурч боловсрох эрх, иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн албан хаагчийг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах зэрэг асуудлууд энэ бүс нутагт тулгамдаж байна.
Баруун буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт буюу агаар, ус, хөрсний бохирдол, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүрэлцээгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт зэрэг асуудлууд баруун бүс нутагт тулгамдаж байна. Түүнчлэн гадны шалтгаантай нас баралт, тэр дундаа зам тээврийн осол амиа хорлолт энэ бүс нутагт өндөр байна. Тухайлбал, Говь-Алтай аймагт 2022 онд 295 хүн нас барсны 39 нь, 2023 онд 267 хүн нас барсны 41 нь гадны шалтгаантай нас баржээ.
Бид бүхэн бүс нутгаар хүний эрхийг хангах сургалт, сурталчилгааг хийнэ. Үүгээр ХЭҮК-ын 23 дахь илтгэл тайлан гарна. Энэ удаагийн гол зорилго нь Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг чиг үүргийг хангуулах, биелүүлэх юм. 2024 оны аравдугаар сарын 11-нд орон нутгийн сонгууль болно. Бид бүхэн бүс нутгийн хэмжээнд илэрсэн хүний эрхийн зөрчлийн тайланг хүргүүлсэн. Орон нутгийн сонгуулийн дараа сонгогдсон засаг дарга нар хүний эрхийг хангах чиглэлээр ажиллахыг уриалж байна.
С.ОТГОНБАЯР