Өнгөрсөн баасан гарагт Парис-2024 Паралимпын наадамд оролцож буй баг тамирчдаас допинг илэрсэн тухай мэдээлсэн. Энэ талаарх албахны мэдээллийг манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Харин энэ талаар
Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас тайлбар өглөө.
WADA-аас 2024 оны долдугаар сарын 25-нд Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас яаралтай мэйл ирсэн. Цагаан хуудсаар оролцож буй хоёр тамирчныг яаралтай авч явна гэх утгатай. Бид долдугаар сарын 29-нд пара жүдогийн хоёр тамирчнаас допингийн шинжилгээ авсан. Биеэс нь бодис илэрсэн. Энэ тухай наймдугаар сарын 30-нд тухайн тамирчныг болон хоёр дасгалжуулагчийг дуудаад тамирчны эрхийг хязгаарлах тухайгаа мэдэгдэж, тэмцээн уралдаанд оролцож болохгүй гэсэн сануулга өгсөн. Гэвч есдүгээр сарын 2-нд Б.Баттөгс, Паражүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбаатай хамт жүдо паралимпын тамирчидтай Чингис хаан нисэх онгоцны буудал дээр явах гэж байгаа юм шиг зургаа даруулсан байсан. Бид сануулга өгсөн, мөн допинг илэрсэн тамирчин паралимпод явдаггүй учир яагаад ингэсэн юм бол гээд орхисон.
Гэтэл есдүгээр сарын 3-нд Паражүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбаагийн пейжид Б.Баттөгс бэлтгэл хийж байгаа бичлэгийг нийтэлсэн нь чатаар бидэнд ирсэн. Түүний дараа бид паралимпыг ахалж яваа багийн ахлагч Н.Оюунбаттай холбогдсон. Дүрмийн дагуу Паралимын холбоо тамирчинд мэдэгдээд давхар холбоонд нь заавал мэдэгдэнэ. Шаардлагатай бол дээд талын байгууллага болох Паралимпийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хороо, хариуцсан яамд нь мэдэгдэх үүрэгтэй байдаг. Нэгэнт тийм тамирчин аваад явчихсан тэмцээнд оролцох юм бол Монголын баг тамирчид бүгд бандуулах, цагаан тугийн дор оролцох зэрэг том асуудал гарсан учир багийн ахлагчтай яаралтай холбоо барьсан нь тэр. Багийн ахлагч Н.Оюунбат энэ асуудал дээр маш сайн ажиллаж тамирчныг тэмцээнд оруулаагүй. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд паражүдо олимпын бичгийг бид өгсөн. Сайд өөрөө тийшээ явж байсан учир мэдээлэлтэй байх нь зөв гэсэн үүднээс. Ц.Жадамбаа шинэ хүн учраас ажлаа мэдэхгүй байж магадгүй. Паралимпын холбоо хоёр дасгалжуулагчаар гарын үсэг зуруулаад наймдугаар сарын 30-нд мэдэгдэл явуулсан. Тэр мэдэгдэлд юу гэсэн байсан бэ? гэвэл Б.Баттөгс таны биеэс допинг илэрсэн тул бид эрхийнхээ хүрээнд таны тамирчны эрхийг хязгаарлалаа гэсэн байсан. Яагаад паралимпод авч явсныг мэдэхгүй юм.
С.ОТГОНБАЯР