"Дэлхийн ур чадвар Лион 2024" Улаанбаатар хотын цагаар 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шөнийн 01:00 цагт нээлтээ хийлээ.
Нээлтэд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон оролцсон нь уралдааны ач холбогдол, нэр хүнд, чансааг харуулж байна. Нийт 13000 үзэгч цугласан LDLC аренад 69 улсын 1400 мэргэжлийн болон техникийн боловсролыг сонгосон ур чадварлаг залуус латин цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаж орж ирсэн юм.
Дэлхийн ур чадварын байгууллагын ерөнхийлөгч Крис Хамприс:
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс хүсэл мөрөөдөл, зорилго дүүрэн, ур чадвартай залуус ирсэн байна. Бид ур чадварын хүчээр өөрчлөлтийг бий болгоно. Ур чадвартай залуус үйлдвэрүүдийг, метрополис хотуудыг бүтээж чадна. Тогтвортой дэлхий ертөнцийг бүтээнэ хэмээн хэлснээр уралдаан албан ёсоор эхэллээ.