Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Парис 2024" олимп, паралимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардуулсан. Энэ үеэр Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжаваас сэтгэгдлийг нь сонслоо.
-Анхны гэх тодотгол таныг дагаж байна. Анхны эмэгтэй олимпын аварга болсон бол өнөөдөр хамгийн залуу даа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн амжилтын эзэн боллоо?
-Маш их баяртай байна. Төрийнхөө далбайг Парисын тэнгэрт мандуулаад ирсэн. Өнөөдөр төрийн дээд одон медалиар шагнуулаад энгэрээ гялалзуулаад зогсож байгаадаа маш их баяртай байна. Энд хүрэхэд тусалсан, дэмжсэн, миний дэргэд үргэлж хажууд минь байсан, алдаа оноог минь засаж ирсэн багш дасгалжуулагчид, найз нөхөд, дүү нар, ар гэр гээд дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.
-Ерөнхийлөгч шагнал гардуулах үедээ танд юу гэж хэлсэн бэ?
-"Баяр хүргэе" л гэсэн дээ.
-Дараагийн зорилго, тэмүүлэл нь юу вэ?
-Одоо байгаа төвшнөөсөө илүү хичээж, хөдөлмөрлөнө. Тэгээд илүү их амжилтыг гаргах болно.
-Энгэртээ олимпын алтан медалийг зүүх мэдрэмж ямар байдаг вэ?
-Гайхамшигтай. Үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай байсан.
-Таны нэрний өмнө Хөдөлмөрийн баатар гэдэг цол мөнхөд дагалдана. Юу бодогдож байна вэ?
-Илүү их хариуцлага. Илүү их даруу төлөв зан. Илүү их хөдөлмөр хэрэгтэй юм болов уу даа.