МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хуралд есдүгээр сарын 11-ний өдөр боллоо. Хурлын тогтоолын эхийг хавсаргав.
МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 09 сарын 11 өдөр №__ Улаанбаатар хот
МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, Ёс зүйн дүрэм”-ийн 3-р зүйл, 6-р зүйлийн 6.1, 7-р зүйлийн 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн;
Олон нийтийн зүгээс ирүүлсэн гомдол, шаардлага болон МҮБХ-ны Ажлын албанаас оруулсан саналын дагуу ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг хэлэлцэж, зохих хэмжээнд баримт мэдээлэл цуглуулах, тэднээс тайлбар авах зэрэг ажиллагааг хийснийг тэмдэглэн;
ТОГТООХ НЬ:
Нэгдүгээрт;
1. Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааны үеэр зүй бус үйлдэл гаргаж, түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн, Монгол бөхийн ёс жудгийг ноцтой зөрчсөн, нэр хүндийг унагасан аймгийн начин Г.Болдбаатар, аймгийн начин М.Баасанцэнд, сумын заан М.Баасан нарыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
Зөрчил гаргасан аймгийн начин Г.Болдбаатарыг 1 жил 8 сарын хугацаанд, сумын заан М.Баасанг удаа дараагийн үйлдлүүдийг харгалзан 2 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглож, аймгийн начин М.Баасанцэндэд дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байж, Монгол бөхийн ёс жудгийг эрхэмлэж явахыг сануулсугай.
Зөрчил гаргагч Г.Болдбаатарын гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдэл, хандлагыг, зөрчил гаргагч М.Баасангийн удаа дараагийн зохисгүй үйлдэл гаргаж байгааг тус тус харгалзан хариуцлагын хугацааг тогтоосныг дурдсугай.
2. Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын харцага Т.Бэгзсүрэн нь улсын алдар цолтой бөхийн хувьд Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийн уламжлалыг хүндэтгэн эрхэмлэх, олон нийт, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дуурайл үзүүлэх үүргээ биелүүлж чадаагүй, өсвөр залуу бөхчүүдийг үндэсний бөхөөр хичээллэх хүсэл сонирхлыг мохоох үйлдэл гаргасан гэж үзэн зөрчил гаргагч Т.Бэгзсүрэнг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
3. Төв аймгийн Зуунмод суманд болсон “Улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан”-д улсын начин Б.Чимэдвандан нь учраа бөх нь унасны дараа санаатайгаар нидэрч, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Б.Чимэдванданг 9 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
4. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын харцага Ц.Мөнхбаяр нь бусад руу гар далайн сүрдүүлж, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож,зөрчил гаргагч Ц.Мөнхбаярыг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
Зөрчил гаргагч Ц.Мөнхбаяр нь барилдааны талбай, бөхийн дэвжээнд учраа бөх рүүгээ гар далайх, хуруугаараа чичлэх зэрэг зохисгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсныг харгалзан хариуцлагын хугацааг тогтоосныг дурдсугай.
5. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд “Засуул”-аар ажилласан Ц.Даваасамбуу нь барилдааны үеэр барилдаж буй бөхчүүдэд саад болох, биеэ зохисгүй авч явах, наадам зохион байгуулагчдын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдлүүд гаргасан тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Даваасамбууг 2 жилийн хугацаанд бүх шатны барилдааны жаяг дэгийн багт ажиллуулахыг хориглосугай.
6. Дорнод аймгийн баяр наадмын барилдаанд аймгийн заан Ц.Заяатүшиг нь унасан бөхийн дээрээс зохисгүй үйлдэл гаргаж, баяр наадам, наадамчин олон, өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй хандаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Заяатүшигийг 9 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
7. Улсын харцага Г.Ганхуяг нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Г.Ганхуягийг 3 сарын хугацаанд үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
8. Улсын заан Д.Баасандорж, улсын начин Б.Батжаргал, сумын заан Э.Ганболд нарыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл бүрдээгүй байх тул бүх шатны барилдаанд барилдах эрхтэйг мэдэгдсүгэй.
Хоёрдугаарт;
1. Зөрчил гаргагчдын барилдаанд барилдахгүй хугацааг нэр бүхий бөхчүүдийн барилдаанд барилдуулахыг түдгэлзүүлсэн 2024 оны 8-р сарын 30-ны өдрөөс эхлэн тооцохыг МҮБХ-ны Ажлын албанд даалгасугай.
Гуравдугаарт;
1. Говьсүмбэр аймгийн баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд барилдахгүй барилдааныг орхиж үзэгч, наадамчин олныг үл хүндэтгэн улсын арслан Ц.Содномдоржийн асуудлаар 14 хоногийн дотор мэдээлэл цуглуулан танилцуулахыг МҮБХ-ны ажлын албанд даалгав.
2. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Н.Дашдаваа нарыг Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааны гурвын даваанд амласан бөхчүүд болон тэдний дэмжигчидтэй даваа наймаалцах үйлдэл хийсэн тухай гомдол бичгээр ирсэнтэй холбогдуулан тэднээс тайлбар авах, холбогдох байгууллагад гомдлыг шилжүүлэхийг МҮБХ-ны Ажлын албанд даалгав.
Дөрөвдүгээрт;
1. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв.